Доналд Трамп, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл хийсэнгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийсний дараа хамтарсан мэдэгдэл хийлгүй өөрийн тусгай үүргийн онгоц руугаа шууд хөдөлжээ. Нэг цаг 40 минут үргэлжилсэн АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалт БНСУ-ын Бусан хотноо болов.

Хэлэлцээний өмнө Доналд Трамп Бээжин, Вашингтон хоёр олон асуудлаар зөвшилцөлд хүрсэн гээд эл уулзалтын дараа талууд худалдааны гэрээ байгуулж магадгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр Ши Жиньпинтэй сайн харилцаатай гэдгээ сануулж, Хятадын тэргүүнийг хэлэлцээ хийхэд “хатуу хүн” хэмээв.

Ши Жиньпиний зүгээс БНХАУ, АНУ хоёр бие биедээ хөгжил, дэвшилд хүрэхэд нь туслах боломжтой гээд олон жилийн туршид БНХАУ, АНУ хоёр нь түнш бөгөөд найз нөхөд байх ёстой гэсэн байр суурийг нээлттэй илэрхийлж ирсэн гэж мэдэгдэж байв. Ши Жиньпин БНХАУ-ын хөгжил, цэцэглэлт ерөнхийлөгч Трампын “Америкийг дахин агуу болгох” зорилготой харшлахгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top