АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 13-15-нд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 13-15-нд төрийн айлчлал хийнэ гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Доналд Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд 2017 онд БНХАУ-д айлчилж байв.
Цагаан ордны тэргүүнийг олон тооны бизнес хүрээнийхэн дагалдана гэж Цагаан ордны дэргэдэх Эдийн засгийн үндэсний зөвлөлийн тэргүүн Кэвин Хассет мэдэгдсэн байна.
Фүдан их сургуулийн олон улс судлалын профессор Жао Миньхаогийн ярьснаар, талууд эдийн засаг, худалдаа, цэрэг, дайны харилцаа, Тайваний арал зэрэг олон асуудлаар эсрэг байр суурьтай байгаа. Ирэх айлчлалаар худалдаа, Тегеран, Тайванийн асуудал хэлэлцээний гол сэдэв болно гэж үзэж байна.
Ирэх арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуулиас өмнө томоохон амжилтад хүрэхийн тулд Трампын захиргаа “Nvidia”, “Apple”, “Exxon” зэрэг томоохон компаниудын удирдлагыг айлчлалын бүрэлдэхүүнд багтаасан. Түүнчлэн, “Boeing”, “Citigroup” компанийн удирдлагууд мөн Трампыг дагалдана.
Хятадын зүгээс худалдааны “эвлэрлийг” сунгах, Америкийн технологийн зах зээлд нэвтрэх, экспортын хяналтыг сулруулахыг эрмэлзэлтэй байгаа. Үүний оронд тус улс АНУ-ын эдийн засагт томоохон хөрөнгө оруулахад бэлэн байна.
Бээжин эртнээс “Boeing” компанитай 737 Max загварын 500 онгоц зэргийг худалдан авах хэлэлцээ хийж байгаа. Энэ нь 2017 оноос хойших хугацаанд Хятадын зүгээс тус компанид хийх анхны томоохон захиалга бөгөөд хоёр удирдагчийн хувьд томоохон ялалт болох юм. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал яригдаж байгаа. Вашингтон Бээжинд жилд 25 сая тонн эрдэнэшиш гурван жилийн турш нийлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд мөн тахиа, гахайн мах, нүүрс, газрын тос, байгалийн хийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм.
Уламжлалт хөрөнгө оруулалтаас гадна Хятад улс газрын ховор металл гэсэн томоохон “хөзөр” атгаад байгаа. Үүнийг цэргийн зориулалтаар ашиглахгүй гэсэн нөхцөл дээр урт хугацааны гэрээг Бээжингийн зүгээс санал болгож магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )