Ши Жиньпин АНУ-д айлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
34 минутын өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийж байна. Талууд энэхүү айлчлал сүүлийн хэдэн жил хүйтэрсэн хоёр улсын харилцааг тогтворжуулна гэж найдаж байна.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, Ши Жиньпин Цагаан ордны тэргүүн Доналд Трамптай хоёр талын харилцааны чухал асуудлуудыг хэлэлцэхийн сацуу дэлхий дахины энх тайван, хөгжлийн асуудлыг хөндөнө.

Айлчлалын үр днгээр талууд газрын ховор металл, гаалийн татвар зэрэг асуудлаар мэдэгдэл хийж, хиймэл оюун ухааны сэдвээр яриа хэлэлцээ эхлүүлэх, гаднын шууд хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөнө гэсэн хүлээлт бий.

Хятадын тал айлчлалын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бол Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, Ши Жиньпин Тайваньд зэвсэг нийлүүлэхгүй байх шаардлагыг дэвшүүлнэ. Үүний хариуд Хятадын тал Ираныг тойрсон хямралыг шийдэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Энэ удаагийн айлчлалаас гадна Ши Жиньпин, Доналд Трамп нар ирэх арваннэгдүгээр сард Хятадад болох АРЕС-ийн дээд хэмжээний уулзалт болон арванхоёрдугаар сард Майамид болох Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top