АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 30-нд Өмнөд Солонгосын Бусан хотноо БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээгээ тун амжилттай болсон гэж дүгнэсэн байна. Түүний мэдээлснээр, тэрбээр ирэх оны дөрөвдүгээр сард Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд хожим нь Хятадын удирдагч АНУ-д хариу айлчлал хийх ажээ.
“Хоёр том, хүчирхэг гүрний удирдагчдын маш сайхан уулзалт боллоо. Тэр бол маш хүчирхэг орны агуу удирдагч юм. Хоёр талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийж ирсэн хоёр улсын төлөөлөгчид худалдаа, эдийн засгийн гол гол санал зөрөлдөөнийг шийдвэрлэх суурь тохиролцоонд хүрч чадсан. Хятадын удирдагч бид хоёр удаан ярилцсан. Украины асуудлыг ч хөндсөн. Орос, Украины мөргөлдөөнийг эцэс болгох чиглэлд хамтран чармайх болно. Энэ уулзалтаар бид олон чухал шийдэлд хүрсэн” гэж Америкийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
“Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Хятад, АНУ-ын харилцааг тогтворжуулагч хүчин зүйл, хөдөлгөгч хүчин байх ёстой болохоос саад учруулагч бул хар чулуу, сөргөлдөөний эх сурвалж болох ёсгүй юм. Хоёр тал нийтлэг ашиг сонирхлуудыг харгалзахын зэрэгцээ хамтын ажиллагааны удаан хугацааны ашиг тус тусыг илүүд үзэх хэрэгтэй бөгөөд харилцан өс авах чөтгөрийн тойрогт орох шаардлагагүй билээ. Хоёр талын төлөөлөгчдийн багууд эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжтой. Яриа хэлэлцээ сөргөлдөөнөөс илүү дээр. Хятад, АНУ хоёр бүх түвшинд, бүх сувгаар харилцаа холбоотой байж, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх хэрэгтэй юм" гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин яриа хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )