ШУУРХАЙ | Ши Жиньпин: Хятад, АНУ-ын сөргөлдөөн хоёр талд хохиролтой

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин эх оронд нь айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзалт хийлээ.

Ардын хурлын ордонд болсон уулзалтын эхэнд Ши Жиньпин дэлхий дахинд өөрчлөгдөн буй энэ цаг үед Бээжин хотноо Америк, Хятадын тэргүүн нарын уулзалт дэлхий дахины анхаарлыг татаж байна гэж мэдэгдэв. Тэрбээр “Та дахин Хятадад хүрэлцэн ирлээ. Таны айлчлал дэлхий дахины анхаарлыг татаж байна гэж хэлж болно” гэжээ.

Хоёр улсын сөргөлдөөн харилцан хохиролтой тул өрсөлдөгчид бус харин түншүүд байх ёстой гэж Ши Жиьпин онцолжээ. Тэрбээр Хятад-Америкийн харилцаа түүхэн сайхан үед хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд Трамптай хоёр улс болон дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, хамтран зөв чиглэлийг тодорхойлж, Хятад-Америкийн харилцааны аварга хөлөг онгоцны сайн залуурдагчид болох учиртай гэв. Түүний хэлснээр, 2026 он хоёр улсын харилцааны хувьд түүхэн хөгжлийн жил болох ёстой.

Доналд Трамп “Таны анд нөхөр байх нэр төрийн хэрэг. Хятад, АНУ-ын харилцаа хэзээ хэзээнээс сайн болно гэдэгт итгэж байна” гээд бидийг сайхан ирээдүй угтаж байна хэмээн илэрхийлэв.

 

 

Ши Жиньпин “Манай хоёр улс Фукидидын занганаас зайлсхийж, том гүрнүүдийн харилцааны шинэ хэв маягийг нээж чадах уу? Тус хоёр улс дэлхийн өмнө тулгарсан сорилтыг сөрж, дэлхий дахинд тогтвортой байдлыг авчирч чадах уу? Энэ бүх асуултуудад бид хамтдаа хариулт өгөх ёстой” гэв. Түүний хэлснээр, дэлхий дахин хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед олон улсын хамтын нийгмэлэг дахин түүхэн уулзвар замд тулж ирээд байна.

АНУ-ын тал Хятад улстай харилцан байх зарчим дээр үндэслэн хоёр талын худалдааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ. Түүний хэлснээр, айлчлалын бүрэлдэхүүнд Америкийн томоохон компаниудын удирдлага багтсан. Дэлхийн шилдэг 30 компанийн тэргүүн нар дагалдан ирээд байна. Тэд Хятад улстай худалдаа, бизнес хийхийг хүсэж байна. Бидний өмнө томоохон уулзалт, хэлэлцээ хүлээж байна. Энэ бол цар хүрээний хувьд түүхэн дэх хамгийн том дээд хэмжээний уулзалт юм гэж Трамп онцлон тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top