АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр тус улсын дарга Ши Жиньпинтэй худалдаа, эрчим хүчний эх үүсвэр болон Ираны тойрсон нөхцөл байдлын талаарх өргөн хүрээний асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Доналд Трампын айлчлал энэ сарын 14-15-нд товлогдоод байна. Цагаан ордны тэргүүний айлчлалыг гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд төлөвлөж байсан ч Иран дахь цэргийн ажиллагаатай холбогдуулан хойшлуулсан билээ.
Цагаан ордны тэргүүний айлчлал хоёр улсын худалдаа, эдийн засгийн тогтвортой харилцааг дэмжихэд чиглэгдэнэ гэж Цагаан ордноос мэдэгдсэн.
Трампын айлчлалаас долоо хоногийн өмнө Бээжин Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчийг хүлээн авсан. Хятад улс мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэх, таван заалт бүхий энхийн гэрээг боловсруулж, хориг арга хэмжээнд нэгдээгүй. Шинжээчдийн үзэж буйгаар, айлчлалаар тариф, хагас дамжуулагч, газрын ховор металлын асуудлыг тэргүүнд тавьж байсан. Харин өдгөө Трамп тарифын “эвлэрэл”-ийг дэмжих, Тегеранд Хятадын нөлөөг ашиглах хүсэлтэй байгаа гэж шинжээчид онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )