Ши Жиньпин энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар ярьжээ.

Ши Жиньпин Хятад, Америк хоёр харилцан итгэлцлээ бэхжүүлэх ёстой гээд энэ ондоо энх тайвнаар зэрэгцэн орших замд гарах ёстой гэж мэдэгджээ. “Бид асуудал бүрийг тусад нь шийдэж, харилцан итгэлцлээ байнга бэхжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших чиглэлд зөв зам тавих ёстой. Ингэснээр, 2026 оныг БНХАУ, АНУ хоёр их гүрэн харилцан хүндлэл, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаа руу хамтдаа урагшилсан жил байх болно” гэж Ши Жиньпин онцолжээ.

Тэрбээр АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд болгоомжтой хандахыг сануулсан байна. Тайваний асуудал Хятад, Америкийн харилцаан дахь чухал хүчин зүйлсийн нэг. Тайвань нь Хятадын нутаг дэвсгэр бөгөөд Хятад улс үндэснийхээ тусгаар байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах учиртай. Тиймээс Вашингтон Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд болгоомжтой хандах ёстой гэжээ.

Цагаан ордны тэргүүн хоёр улсын харилцаа дэлхий дахинд чухал үүрэгтэй болохыг онцлоод Ши, Трамп хоёрын удирдлага дор тус хоёр улс эдийн засаг, худалдаа зэрэг салбарт амжилт гаргаж байна гэжээ. Түүний хэлснээр, Вашингтон Хятадтай хамтран ажиллах, хоёр улсын харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг ойлгож буйгаа Трамп илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top