HBO | “Харри Поттер” цувралын шинэ дүрүүд тодорлоо

О.Должин | Zindaa.mn
54 минутын өмнө

HBO-гийн бүтээж буй “Harry Potter” цувралын хоёрдугаар улирлын гол дүрүүдийн нэг болох Артур Уизлигийн дүрд жүжигчин Рэйф Сполл тоглохоор болжээ.

Рэйф Сполл нь өдгөө Apple TV+-ийн “Trying” цувралд тоглож байгаа бөгөөд өмнө нь “Life of Pi”, “Jurassic World: Fallen Kingdom”, “Men in Black: International”, “Black Mirror” зэрэг алдартай бүтээлүүдэд дүр бүтээж байсан юм.

“Harry Potter” киноны анхны хувилбаруудад Артур Уизлигийн дүрийг жүжигчин Марк Уильямс бүтээсэн билээ. Артур нь Уизлигийн гэр бүлийн халамжит эцэг бөгөөд “Harry Potter” цувралын хоёрдугаар номоос эхлэн тогтмол гардаг чухал дүрүүдийн нэг юм.

Тэрээр энгийн хүмүүсийн буюу маглчуудын эд зүйлсийг ихэд сонирхдог. Үүний нэг жишээ нь Артурын ид шидээр нисдэг Ford Anglia машин бөгөөд уг машинаар Харри, Рон нар Хогвартс руу зорчдог. Мөн хожим Артур Ид шидийн яаманд ажилладаг болсон нь Харрид Волдемортын хүч дахин сэргэж буй үед шидтэний ертөнцөд өрнөж буй үйл явдлуудын талаар илүү ихийг мэдэх боломж олгодог.

Мөн HBO хоёрдугаар улиралд Moaning Myrtle болон Colin Creevey нарын дүрд тоглох жүжигчдийг зарлалаа. Шинээр уран бүтээлд орж буй Молли Хьюитт-Ричардс Moaning Myrtle-ийн дүрд, Жаспер Амброуз Colin Creevey-ийн дүрд тоглоно.

Тэдний дүрүүд цувралын туршид харьцангуй богино хугацаанд гардаг ч “Harry Potter and the Chamber of Secrets” буюу “Нууцын танхим” өгүүллэгт анх гарч ирдэг. Хоёр дүр хоёулаа Хогвартсын шилтгээнд нуугдаж буй үл мэдэгдэх аюултай амьтантай холбоотой үйл явдлын гэрч, хохирогчдын нэг болдог.

Өмнө нь HBO цувралын хоёрдугаар улирлын Том Риддл буюу залуу Волдеморт, Добби болон Жинни Уизлигийн дүрүүдийн жүжигчдийг мөн зарласан.

Түүнчлэн “Game of Thrones” цувралын од Кит Харингтон Гилдерой Локхартын дүрийг бүтээхээр болсон. Тэрээр өмнө нь уг дүрд тоглохоор зарлагдсан Том Хоултыг орлох юм.

Харин HBO-гийн “Harry Potter” цувралын нэгдүгээр улирал энэ оны Зул сарын баярын үеэр нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа бол одоо зураг авалт нь үргэлжилж буй хоёрдугаар улирал 2027 оны сүүл эсвэл 2028 онд үзэгчдэд хүрэхээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top