“Go Mongolia” болиод “Bye Mongolia” болсон түүх

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Go Mongolia”.  Гоё ч гарчиг. Англи гарчгийн дор “Өөдөө тэмүүлэх Монгол” гэж. Гоё ч лоозон. Олон ч жил, олон ч гоё гарчиг бодож олсон манай төр энэ удаад олсон гарчиг нь нэг ийм. Нэг ийм гарчгаар 2028 он хүртэл аялал жуулчлалын салбараа дэмжинэ. Дэмжихдээ цацаж дэмжинэ. Гэхдээ сайд нь хоёр жилд гурвантаа солигдоод байна. Тарьсан балаг нь гэхдээ арилаагүй байгаа гэдгийг санах хэрэгтэй. Эхлээд мөнгө ихтэй Ч.Номингоос, асуудал ихтэй Ч.Ундрамд шилжээд, одоо фейсбүүкийг хаах санаачилга гаргадаг Ж.Алдаржавхлан энэ салбарыг удирдаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны зургаадугаар сард “Go Mongolia” брэндийг сурталчлахаар Английн Премьер лигийн “Фулхем” клубтэй гэрээ байгуулж байв. Тухайн улиралдаа тус клуб 13-р байрт жагсаж байлаа.  Сурталчилгааны нийт үнийн дүн 1.3 сая фунт стерлингээр тооцож гэрээ байгуулсан. Тухайн үед төгрөгийн фунт стерлингтэй харьцах албан ханш 4300 орчим байсан гэж тооцвол 5.8 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс 2025 онд шилжүүлэх үүрэгтэй 360 мянган фунт, 2026 онд шилжүүлэх үүрэгтэй 830 мянган фунтийг шилжүүлэх ёстой байв. Гэвч шилжүүлж чадаагүй. Чадаагүйг нь хоёрдугаар сард Ч.Ундрам сайд байхдаа ил гаргасан. Үүнээс гадна Фулхэм клубт санхүүгийн тайлан, сурталчилгааны бодит үр дүн болох судалгаа танилцуулаагүй гэх үндэслэлээр арбитрын шүүхэд дуудагдсан. Юун тэр “Go Mongolia” Англид л лав “Bye Mongolia” болчихсон нь энэ.

 Сурталчилгааны нийт үнийн дүн 1.3 сая фунт стерлингээр тооцож гэрээ байгуулсан. Тухайн үед төгрөгийн фунт стерлингтэй харьцах албан ханш 4300 орчим байсан гэж тооцвол 5.8 тэрбум төгрөг болж байгаа юм.

Фулхем гэж чухам ямар клуб юм бэ, гэх асуулт гарч ирнэ. Английн Баруун Лондоны Фулхем дүүрэгт харьяалагдах энэ клуб 1879 онд байгуулагдсан. Нийгмийн сүлжээний дагагчдын тоо давхардсан тоогоор 3.5 сая. Улирлын дундаж үзэгчдийн тоо 26.9 мянга. Тус клубийн хөгжөөн дэмжигчид Английн өмнөд хэсэгт голчлон төвлөрсөн байдаг. Цагаан арьстнууд голчлон төвлөрсөн, чинээлэг дундаж давхаргынхан олонтой. Монголын тухай мэдээлэл түглээ гэхэд үүнээс олж хараад, тогтож аялах боломж тун хомс. Гишүүд дэмжигчдийн хүрээллээрээ англидаа дундаж энэ багийн бэлтгэлийн өмсгөл дээр л “Go Mongolia” харагдана. Цэнгэлдэхийн реклам, тоглолтын өмсгөл дээр харагдахгүй. Манайхан мөнгийг нь өгөхгүй гөрж байх хооронд энэ клуб Премьер лигт 11, энэ улиралд мөн 11 дүгээрт жагсжээ.

Манайд харин хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ороход Аялал жуулчлалын салбар дарга ангийн бэлэглэлийн суудал болсоор энэ хүрэв. Уг нь стратегийн нөлөөллийг хараад үзвэл бэлэглэлийн суудал ч биш л дээ. Он гарснаас хойш эхний улирлын байдлаар 143.4 мянган жуулчин ирсэн нь өмнөх оноос 39% өссөн үзүүлэлт юм. Гэхдээ Англиас ирсэн нь алга. Гол жин дарж байгаа нь Орос, Хятад, Солонгос, Япон гэсэн дөрвөн улс байна. Өнгөрсөн жил 846.1 мянган жуулчин хүлээн авч түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гэхдээ энэ нь Премьер лигтээ гавьдаггүй Фулхемийн бэлтгэлийн хувцсан дээр тавиад хүрсэн амжилт бус. Жуулчдын урсгал нэмэгдэж, шинэ газар орны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Мөнгө цацаж болно. Монголоо ч сурталчилж болно. Гагцхүү үр дүнтэй сурталчлах хэрэгтэй байна.

Сурталчилгаа сайн байсныг үгүйсгэхгүй ч жуулчдын тоонд шууд нөлөөлсөн гэдэг нь өрөөсгөл. Учир нь БНХАУ, Оросын жуулчдын тоо нэмэгдсэн нь жуулчдын тоог өсгөх гол шалтгаан болсон. ОХУ-ын тухайд дайны нөхцөл байдал нөлөөлж байгаа. Жирийн орос хүн барууны улс руу очиж чадахгүй. Нөгөөдүүл нь оруулах ч үгүй. Харин Хятадын тухайд дундаж давхаргын аялах хүсэл нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн. Тэд Хятад дотроо бус хөрш улсуудаа зорихыг бодно. Монголоор дамжаад Орос руу аялах хүсэлтэй учраас, дамжлага бааз нь Монгол гэж ойлгож болно. Ердөө ийм л юм. Солонгос, Японы жуулчид нэмэгдэж байгаа нь түүхэн харилцаа холбоо, соёлын нөлөө байгаа учраас манайд ирэх нь гарцаагүй. Үүнээс хараад үзвэл сурталчилгаа үнэхээр нөлөөлсөн үү гэдэг асуулт гарч ирнэ. Яг энэ асуултад Ж.Алдаржавхлан хариулж чадахгүй. Ч.Номин ч хариулж чадахгүйгээ харуулчихсан. Мөнгө цацаж болно. Монголоо ч сурталчилж болно. Гагцхүү үр дүнтэй сурталчлах хэрэгтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top