Галт уул дэлбэрэхийг урьдчилан хэлдэг хиймэл оюун ухаан бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 03

 

Испанийн Гранадын их сургуулийн геологич, физикчид Сент Хеленс галт уулын дэлбэрэлтийг урьдчилан хэлдэг алгоритм боловсруулжээ.

“Frontiers in Earth Science” сэтгүүлд бичсэнээр, галт уул судлаачид олон жилийн турш галт уулыг урьдчилан мэдээлдэг систем бүтээхийг чармайж байсан ч амжилтад хүрч байсангүй. Галт уулын дэлбэрэлтийг хамгийн эртдээ 1-2 хоногийн өмнөөс л мэддэг байжээ. Учир нь нэг галт уул дэлбэрэхийг анхааруулсан дохио өөр галт уулд үйлчилдэггүй байна.

Гранадын их сургуулийн эрдэмтэд АНУ-ын Вашингтон мужийн Сент Хеленс галт уулыг судалгааны объект болгон авчээ. Тэд галт уулын идэвхжил, тэр дундаа 1980 оны асар хүчтэй дэлбэрэлтийн талаарх олон тооны статистик мэдээллийг цуглуулсан байна. Энэхүү мэдээлэл дээр тулгуурлан эрдэмтэд хиймэл оюун ухааныг сургаж, машин хүмүүсийн анзааралгүй үлдээсэн зүй тогтлыг олно гэсэн найдвар тавьжээ. Улмаар эрдэмтэд хиймэл оюун ухаанаас байгаа мэдээлэл дээр тулгуурлан галт уулын өнгөрсөн дэлбэрэлтүүдийг урьдчилан хэлэхийн хүссэн байна. Алгоритм галт уулын идэвхжилийг 95 хувьтай зөв хэлэхийн сацуу гурав ба түүнээс дээш хоногийн өмнө урьдчилан мэдээлж чаджээ.

Судлаачид практик туршилтыг ойрын үед хийхээр төлөвлөж байна. Учир нь Сент Хеленс орчим газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа аж. Сүүлийн хагас жилийн хугацаанд тус бүс нутагт нийт 350 гаруй удаа газар хөдөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top