Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

О.Должин | Zindaa.mn
22 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас энэ сарын 16-17-нд шилжих шөнө болон 17-ны өдөр зарим аймагт цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа.

Тодруулбал, 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн нутаг, Өмнөговь аймгийн хойд хэсгээр, 17-ны өдөр Сүхбаатар, Дорноговь аймгийн нутаг, Хэнтий аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Мөн 17-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахын зэрэгцээ ихэнх нутгаар хүйтэрнэ. Үүнээс шалтгаалан зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэйг малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлж байна.

Улаанбаатар хот орчмоор өнөө шөнө цас, маргааш өдөр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө -12...-14, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв:

Энэ сарын 18, 19-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, Төв аймгийн зүүн хойд болон Дорнод аймгийн зарим сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Мөн энэ сарын 18-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус хүрч хүйтэрнэ.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top