Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Я.Болор | Zindaa.mn
24 минутын өмнө

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр зарим асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, зорчигчдын хүлээлгийн хугацааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажлуудыг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байна. 2026 оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ. Зорчигчдын ачаалал ихтэй 10 чиглэлд 20 автобус нэмж, зорчигч урсгал зургаан хувиар өсөж, хүлээлгийн хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурчээ. Аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна.

Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхэд нийт 46 автобус хуваарилахаар төлөвлөжээ. Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус нэвтрүүлнэ. Сургуулийн автобусны үйлчилгээг өргөжүүлж, өдөрт тээвэрлэх сурагчдын тоо 5000 байсныг 9000 болгохоор зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top