Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Талархал: Сүхбаатар дүүргийн 2-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч Н.Содхүү: Энэ сарын 26-ны өдөр Ч:12 (Зүүн салаа шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байсан 13-286 гарааш дугаартай Эрдэмтранс ХХК-ийн автобусны жолооч Н.Дамдинпүрэвт маш их баярлалаа. Сураггүй алга болсон хүүхдийг олж өгч бидэнд маш их тус хүргэсэн. Ажлын өндөр амжилт хүсье.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн А.Ялалт: Ч:17А (Баруун 4 Зам-Нарны Зам) чиглэлийн 13-136 гарааш дугаартай “Эрдэмтранс” ХХК-ын жолооч Сайханбаяр автобусанд утсаараа видео дуудлага хийж, чанга ярьж байгаа зорчигчид зөв шаардлага тавьж байгаа нь надад их таалагдлаа. Жолооч "олон нийтийн унаанд явж байж, утсаар ярихаа болиорой" гэж чанга яригчаараа маш зөв шаардлага тавьсан. Жолооч нар бүгдээрээ ингэж шаардлага тавьдаг болчихвол олон нийтийг соёлжуулах, бусдад төвөг учруулахгүй байхад чухал учраас жолооч нар бүгдээрээ шаардлага тавьж байвал их зүгээр санагдлаа.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн А.Удвал: Ч:27 (Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот) чиглэлд манай хүүхэд тортой зүйлээ орхиж буусан байсныг 18-037 гарааш дугаартай “Сайхан Ирээдүй” ХХК-ын жолооч Г.Алтангэрэл олж өгч тусалсанд баярлалаа.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Эрдэнэчимэг: М:1Б (Сүхбаатарын талбай-Ботаник) чиглэлийн 25-003 гарааш дугаартай "Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Ж.Жамьян-Чойжил автобусанд бөгжөө гээсэн байсныг жолооч олж өгч тусалсанд баярлалаа.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ц.Будсайхан: Архивын ерөнхий газраас хүнээ аваагүй явсан. Буудал дээрээ зогсоогүй, хаалгаа ч онгойлгоогүй. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-159 гарааш дугаартай автобусны жолоочид торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Анхбаяр: “Сүү” ХХК-ийн автобусны буудал дээр зогсоогүй, хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-003 гарааш дугаартай автобусны жолоочид зорчигч нарт хүртээмжтэй үйлчлэхийг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ц.Отгонсүрэн: Модны 2-ын автобусны буудлаас хүнээ аваагүй, хаалгаа онгойлгож өгөөгүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: EBus ХХК-ийн 16-34 гарааш дугаартай автобусны жолооч зөрчил гаргаагүй байна.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Р.Алимаа: Жолооч хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-059 гарааш дугаартай автобусны жолооч Ч:37 чиглэлд үйлчилгээнд ажиллахдаа зөрчил гаргаагүй байна.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Р.Сугармаа: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байгаа 02-225 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Автобусанд дамжин суулгахдаа хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-225 гарааш дугаартай автобусны жолоочид Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Баярхүү: Ч:35 (Гадна тойруугийн эцэс-4-р дэлгүүр) чиглэлд явж байгаа 16-029 гарааш дугаартай автобусны жолооч карт уншуулагч нь алдаа заагаад байхад төхөөрөмжөө шалгахгүйгээр зорчигчдоо хэл амаар доромжлоод байна.

Шийдвэрлэлт: Ebus ХХК-ийн 16-29 гарааш дугаартай автобусны жолоочид зорчигч нарт шаардлага тавихдаа анхаарч ажиллахыг үүрэг болгов. Зорчигч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ төлбөрийн хэрэгслээ урьдаас бэлдэж үйлчлүүлэх зааврыг дагах хэрэгтэй.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ж.Анар: Ч:17А (Баруун 4 Зам-Нарны Зам) чиглэлд явж байгаа 13-259 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Хүүхэд скүүтэртэйгээ суух гэхэд суулгахгүй буулгасан. Автобус хүнгүй шахуу явж байсан.

Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-259 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчид зүй ёсны шаардлага тавьж ажилласан байна.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Х.Гэрэл: Ч:83 (Ургах наран хороолол эцэс-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 25-024 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Удаан яваад байхаар нь жаахан хурдан яваад өгөх боломж байна уу? гэхэд хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 25-024 гарааш дугаартай автобусны жолоочид тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг иргэдэд өгөхдөө анхаарч ажиллах үүрэг өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top