Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Баянгол дүүрэгт боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.1 хувьтай байна. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв. Агаарын чанарыг сайжруулах төслүүд, хагас коксон түлшний нөөц, тээвэрлэлт, Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын үр дүн, тулгамдаж байгаа асуудлыг сонслоо.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ онд нийслэлд шинээр барьж буй авто замын ажлын явц 75 хувьтай байна. Нийт 64 байршилд 74.87 км авто замын ажил гүйцэтгэхээс 51 байршилд 63.47 км замыг шинэчиллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 34 байршилд 18.21 км орон сууцны хороолол доторх авто замыг шинэчилж байна. Тус ажлын гүйцэтгэл 68 хувьтай, гурван дүүргийн ажил дуусаж, үлдсэн гурван дүүргийн ажил он дамжин үргэлжилнэ гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
Авто замын засвар, арчлалтын ажлыг 22 байршилд хэрэгжүүлж, ажлын явц 90 хувьтай байна. Энэ хүрээнд замын эвдрэл гэмтлийг засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажлыг арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлнэ. Нийслэлд дугуйн замын сүлжээг өргөтгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Дугуйн замын сүлжээг 2026 онд 197.5 км, 2027 онд 312.5 км, 2028 онд 450 км болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэ онд хэрэгжүүлэх ажлын явц 68 хувьтай байна.

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" 150150 тусгай дугаарт 10120 санал, хүсэлт, гомдол иржээ. Өнөөдрийн байдлаар гомдол, хүсэлтийн 9343 буюу 92.3 хувийг шийдвэрлээд байна. Нийт бүртгэлийн 61 хувийг гомдол, 30 хувийг хүсэлт, үлдсэн хувийг санал, талархал эзэлжээ. Иргэдээс ирүүлсэн санал, гомдолд замын эвдрэл, засвар, барилга, хот байгуулалт, дулаан, цахилгаан, усан хангамжтай холбоотой асуудлууд зонхилж байна.
Иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн жишээг Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа тайлбарлав. Жишээлбэл, тусгай дугаарт ирсэн иргэний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн “Шүншиг-3” хотхон орчимд ухсан нүхийг аравдугаар сарын 23-нд булж, аюулгүй байдлыг хангасан байна.
"Хотын дарга сонсож байна" 150150 тусгай дугаараар иргэдийн санал, гомдолд хариу өгөхөөс гадна асуудлыг бодитоор шийдвэрлэж, үр дүнг эргэн мэдээлэх, халаалт, дэд бүтэц, зам засварын ажлуудад шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.

Өдрийн 07:00-21:00 цагт дунджаар 591,051 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Шуурхай штаб ажиллаж байна. Шуурхай штаб удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, нээлттэй мэдээлэл, бэлэн байдал, тусгай төлөвлөлт гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа танилцууллаа. Энэ хүрээнд хөдөлгөөний ачаалал ихтэй уулзвар, гудамж замын нөхцөл байдлыг тогтмол хянаж, гэрлэн дохионы болон цагдаагийн биет зохицуулалт хийж байна. Мөн зам тээврийн осол, саадыг шуурхай арилгах, зорчих хэсэгт хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг шилжүүлэх, том оврын ачааны автомашины хөдөлгөөнд хяналт тавих ажлыг зохион байгуулж байгаа юм.
Нийслэлийн замын хөдөлгөөнд өдрийн 07:00–21:00 цагийн хооронд дунджаар 591,051 тээврийн хэрэгсэл оролцож, замын хөдөлгөөний дундаж хурд 14.4 км/цагт хүрдэг байна. Баяр, амралтын өдрүүд болон нийслэлд зохион байгуулагдах томоохон арга хэмжээний үеэр хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс сэргийлж, тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ гэв.



Сэтгэгдэл ( 0 )