Ливерпүүл – Арсенал: Собослаи Трентийг, Райя Adidas-ийг дурслаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 01

Английн Премьер лигийн гуравдугаар тойргийн оргил нь “Ливерпүүл”-“Арсенал”-ын тоглолт байлаа. 83 дахь минутад унгар хагас хамгаалагч Доминик Собослаи 30 метрийн зайнаас чөлөөт цохилтоор хожлын гоолыг оруулж, багтаа гурав дараалсан ялалт авчирч, лигийг тэргүүлж байна.

“Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Арне Слотын тодорхойлсноор бол уйтгартай тоглолтыг гайхамшигтай цохилтоор аварсан Собослаи өмнө нь Трент Александер-Арнольдод цохих эхний эрх байсан тухай дурдаад авчээ. Харин “Арсенал”-ын хаалгач Давид Райя энэ улирлаас “танилцаж” буй шинэ бөмбөгийн шинж байдлаас болж гоол алдсан гэж мэдэгдлээ.

 

 

“Би өөртөө итгэлтэй байж, их хичээж цохисон. Өмнө нь манай багийн чөлөөт цохилтуудын эхний хүн байсан Трентийг дурсах ёстой байх. Одоо надад боломж гарч ирж, түүнийгээ ашиглалаа. Райя бөмбөг рүү үсрэх тун дуртайг мэдэх тул ердийнхөөс илүү хүчтэй цохих хэрэгтэй гэж бодсон юм. Гайхалтай сайн хаалгачийг тэгж л аргалахгүй бол хааж л орхино. Хэрвээ төв рүү маягтай цохивол төвөггүй хаачихна” гэж Собослаи өгүүлсэн байна.

Унгарын шигшээдээ чөлөөт цохилтоо хүссэнээрээ гүйцэтгэдэг ч энэ улирлаас ийнхүү “Ливерпүүл”-ийн мөн эхний хүн болсон Собослаигийн цохилтыг хааж чадаагүйдээ Райя бөмбөгийг “буруутгажээ”. “Бөмбөг маш хүчтэй, хурдтай эргэж, миний гараас холдсон. Ер нь Nike-ийн бөмбөгөөс өөр. Тиймээс дасах хэрэгтэй байгаа юм. Энэ бөмбөгийг цохих, барихад өөр. Бид нар олон жил Nike-ийн бөмбөгөөр тоглоод сурчихсан болохоор одоо шинэ бөмбөгтөө дасах ёстой. Хаалгач бүр дасах гэж хичээж байгаа” хэмээн Давид Райя өгүүлжээ.

 

 

Гоолын цөөн боломж үүсгэсэн ч гэлээ давамгай тоглосон гэж Микель Артета багийнхнаа магтсан ч зарим экспертүүд түүнийг хожих гэж бус тэнцэх гэж очсон байна шүүмжилсэн юм. 67.5 сая паундаар худалдан авсан Эбэречи Эзе болон сүүлийн долоон хоног мөрний зовиурын улмаас бэлтгэл хийгээгүй Мартин Одегар нарыг гараанд гаргаагүй юм.

“Өрсөлдөгчөө барьц алдуулах гэж бид арай өөрөөр тоглолоо. Энэ бол хожих гэж хийсэн өөрчлөлт. Тиймдээ ч бид давамгай байж, өрсөлдөгч илүү хичээж тоглох шаардлагатай тулгарсан. Тэд хичээгээд, хоёр багийн өрсөлдөөн тэнцэж ирсэн мөчид хоёр зүйл л хувь заяаг шийддэг. Нэг нь, хэн нэгний хувийн алдаа. Нөгөө нь, хэн нэгний гайхамшигтай тоглолт. Энэ удаад тэд хоёр дахийг нь ашиглаж, гайхамшигтай цохилтоор хожлоо. Тэрнээс биш биднээс илүү тоглосон юм байхгүй” гэж Артета ярьжээ.

 

 

Уильям Салиба тоглолт эхлээд дөнгөж таван минут өнгөрсний дараа гэмтлийн улмаас гарсан тухайд “Бие халаалтын үеэр шагайгаа эвгүй болгочихсон юм. Гэхдээ тоглож болно байх гээд гарсан. Гэвч болсонгүй. Азаар Кристиан Москера Премьер лигийн эхний тоглолт гэхэд их сайн байлаа” гэжээ.

“Ливерпүүл”-ийн хувьд энэ зун Бундеслигээс авчирсан Флориан Вирц, Уго Экитикэ хоёрыг төгсгөл суулгаснаа дасгалжуулагч Арне Слот тайлбарлахдаа “Гэмтээгүй. Вирцийн хувьд ийм тоглолтод 85 минутын өнгөрүүлсний дараагаар ачаалал даах чадвар алдагдаад ирсэн. Премьер лигт, “Арсенал” шиг өрсөлдөгчтэй тоглоход лигийн шинэ залуу хөлбөмбөгчдөд ийм юм тохиолдоно. Өөр лигээс ирсэн залуус шүү дээ, энэ хоёр чинь. 27 настай бол тэгж төгсгөлд муудаж болохгүй. Харин 22 юмуу 23-тай залуус бол ингэх нь аргагүй.

 

 

Бид өнгөрсөн улиралд эхний гурван тойргийн дараа таван оноотой явсан бол одоо есөн оноог бүтэн авлаа. Гэхдээ илүү сайн тоглож бол чадах байсан. “Борнмут”-ын эсрэг дэндүү задгай, нээлттэй тоглосон” хэмээн Арне Слот өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top