Английн Премьер лигийн тавдугаар тойрогт “Арсенал” талбайдаа “Манчестер Сити”-тэй 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын эхэнд Эрлинг Холандын гоолоор зочид тэргүүлж, үр дүнгээ хадгалсаар шүүгчийн мэдлийн нэмэлт цөөхөн минут руу очсон. Гэвч тэрхүү нэмэлт минутуудыг “Арсенал” тухайлбал, Габриэл Мартинелли чадамгай ашиглаж, хаалганаасаа урагш гарсан Жанлуижи Доннаруммагийн дээгүүр “шүхэр” буулгаснаар тэнцүүлж, дуусгалаа.

“Эмирэйтс” дэх энэхүү тоглолтод “Манчестер Сити” 32 хувьтай бөмбөг эзэмшсэн нь Пеп Гвардиолагийн энд өнгөрүүлж буй 10 жилийн хугацаанд тохиолдоогүй доогуур үзүүлэлт болов. Гэлээ ч “Их буучид” хожиж дөнгөсөнгүй.
“Бид тэсвэр тэвчээр гэж юу байдгийг харууллаа. Хэрвээ тэвчиж чадаагүй бол эндээс амьд гарахгүй. Өнгөрсөн улиралд энд 5:1-ээр хожигдсон шүү дээ. Харин өнөөдөр хожилд ойрхон очлоо. “Арсенал” бол гарцаагүй Европын хамгийн шилдэг багуудын нэг. Би багаа өөрөөр тоглуулмаар л байлаа.

Энд 10 жил болохдоо ингэж арагшаа татаж хамгаалж байсангүй. Гэвч хөлбөмбөг бол стратеги, тактик, сэтгэл санааны байдлаас шалтгаалан яаж л бол яаж тоглож болдог спорт. Заримдаа ингэж хамгаалах шаардлага тулгарна. Үнэндээ өнөөдөр бид хамгаалахаас өөр арга байсангүй. Яагаад гэвэл өрсөлдөгч их хүчтэй байлаа. Ийм тохиолдолд ингэж л амь тээж гарахаас өөр замгүй.

Бөмбөгийн эзэмшилтийн хувийн тухайд бол 10 жилд ганц удаа юм чинь яадаг юм тэ? Олон янзын багтай, олон янзаар тоглох шаардлага тулгарч байна. Баг маань шилжилтийн үедээ байна шүү дээ” хэмээн Гвардиола өгүүлжээ.
Тоглолтын дараагаар Гвардиола багийнхаа фанатууд руу очихдоо нэг л түгшсэн шинжтэй байсны учрыг сэтгүүлч асуухад “Би охиноо хайсан юм аа. Хараад л байсан ч олоогүй. Фанатууд тараад гараад явсны дараа л охиноо олж харсан” хэмээн өгүүлсэн байна.
Сүүлийн гурван улирал дараалан аман хүзүүдсэн “Арсенал” одоогоор лигийн магнайд яваа “Ливерпүүл”-ээс таван оноо дутуу явна.

Ахлагчийн туузтай гарсан Деклан Райс “Бид “Сити”-г хэзээ ч ингэж шахаж, давамгай тоглож байгаагүй юм шиг санагдаж байна” гэжээ.
Харин Микел Артета “Тэд гоол оруултлаа ямар ч боломж үүсгээгүй байсан. Тэр гоолын дараагаар бид хэдхэн минут тоглолтоо алдаад, эргээд хяналтандаа авсан. Тэгээд давамгай тоглолтоо үргэлжлүүлсэн” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )