Дэмждэг баг “Манчестер Юнайтед”-ыгаа тав дараалан хожих хүртэл үсээ засуулахгүй гэж андгайлсан Фрэнк Айлетт өнгөрсөн амралтын өдөр “Челси”-г хожсон тоглолтын үеэр халдлагад өртжээ.
“Наадахь чинь жинхэнэ фанат биш. Манай багийн фанат биш” гэж өөр нэгэн дэмжигч түүн рүү дайрсан байна. Хүмүүс дундуур нь орж салгаж, Айлеттийг хамгаалжээ.
.jpg)
Айлетт сошиал орчинд The United Strand нэрээрээ танил болсон нэгэн. 2024 оны аравдугаар сард сэтгэл санаагаа өөдрөг байлгах үүднээс дэмждэг багаа тав дараалан хожих хүртэл үсээ засуулахгүй гэж олон нийтийн өмнө андгайлсан юм. Түүнээс хойш “Улаан чөтгөрүүд” тав дараалж хожоогүй 351 хоног өнгөрөөд байгаа учир үс нь бут шиг болтлоо ургажээ.
.jpg)
Гэхдээ энэ хугацаанд Айлеттын сошиал дагагчдын тоо их нэмэгдсэн байна. Үсээ яаж ургаж буйг байнга харуулдаг заншилтай ч болсон. Өнгөрсөн амралтын өдөр “Челси”-г талбайдаа 2:1-ээр хожсон тоглолтын дараагаар тийнхүү өөр нэгэн дэмжигчийн гарт өртсөн ч гэлээ удалгүй бороонд норсон үсээ сошиалд харуулжээ.
“Үс маань норсон ч нүүр минь инээсэглэлээр дүүрэн! Өнөөдөр том хожил авлаа. Ямар галзуу тоглолт болоод өнгөрөв өө. Нэг хожлоо, одоо дахиад 4 хэрэгтэй. Бүгдээрээ нэгдэн дэмжицгээе, урагшаа!” хэмээн өгүүлжээ.
.jpg)
BBC-д өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө Айлетт “Би ийм удаан үргэлжилнэ гэж бодоогүй. Үс минь ингэж ургана, дагагчдын тоо тэгж их нэмэгдэнэ гэж төсөөлөөгүй. Оны сүүлч гэхэд үсээ засуулчихна гэж найдаж байна. Хамгийн төгс төгсгөл гэвэл “Олд Траффорд”-д багийнхаа тоглогчдын нэгээр үсээ засуулбал гоё” гэжээ.
Одоо “Манчестер Юнайтед” Брэнтфордод зочлон очно, дараа нь “Сандерлэнд”-ийг талбайдаа хүлээн авна. Тэгээд шигшээ багийн тоглолт гээд клубын тэмцээн түр зуур завсарлана.

Сэтгэгдэл ( 1 )
Ер нь нилээн гайгүй багийн хувьд ч 5 дараалсан хожил гэдэг ч амар эд биш дээ, МЮ-ын байгаа царайгаар бол энэ нөхрийн үс гэзэг болох нь тодорхой, кк