Хөлбөмбөгийн түүхэн дэх домогт дасгалжуулагчдын нэг болох Пеп Гуардиола энэ улирлыг дуусгаад Манчестер Сити клубийг орхих төлөвтэй байна. Үүнийг Фабрицио Романо зэрэг хэд, хэдэн эх сурвалж батлан мэдээлжээ. Тэрээр Ситигийн дасгалжуулагчийн хувиар хамгийн сүүлийн тоглолтоо Астон Виллагийн эсрэг хийх юм.
Гэхдээ түүнийг багаа орхих эсэхийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Манчестер Ситигийн зүгээс ч албан ёсны ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Тэрээр өнөө шөнө Борнмутын талбайд зочлон тоглоно. Хэрэв ялалт байгуулбал Арсеналаас ердөө хоёр онооны зөрүүтэй болно.
Испанийн дасгалжуулагч Пеп Гуардиола 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Манчестер Сити клубт гурван жилийн гэрээгээр ирж байлаа. Ирснийхээ дараа улиралд Премьер Лигт түрүүлснээс хойш зургаан удаа түрүүлж, Английн хөлбөмбөгийн холбооны цомыг гурван удаа, Лигийн цомыг таван удаа, Коммюнити Шильдийг гурван удаа өргөж Английн хөлбөмбөгт өөрийн эрин цагаа дуурсгаж байсан юм. Түүнчлэн Аваргуудын лигт түрүүлээд зогсохгүй Европын супер цом, Клубуудын дэлхийн аваргад түрүүлж клубийн түүхийн шинэ хуудсыг бичсэн юм.
Одоогоор түүнийг Энзо Мареска орлох магадлал тун өндөр байна. Гуардиолагийн хувьд хэсэгтээ хөлбөмбөгөөс холдож өөрийгөө амраана гэж нэгэн ярилцлагадаа дурдсан юм. Мэргэжилтнүүд түүнийг клубийн хөлбөмбөгөөс холдож, шигшээ баг удирдан замналаа үргэлжлүүлж магадгүй гэж дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )