Европт царцаасан Оросын мөнгийг хураах тухай мэтгэлцээнд Швейцар улс оролцохгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 04

Украинд шинээр зээл олгохын тулд Европт царцаасан Оросын Төв банкны актив хөрөнгийг хураах боломжийн талаарх Европын Холбооны мэтгэлцээнд Швейцарын засгийн газар оролцохгүй гэж Швейцарын Ерөнхийлөгч бөгөөд Сангийн сайд Карин Келлер-Зуттер сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Швейцар улс Европын Холбооны гишүүн биш учраас бид иймэрхүү ярианд оролцохгүй байгаа” гэж тэр тэмдэглэжээ.

Украиныг санхүүжүүлэхийн тулд Европт царцаасан Оросын хөрөнгийг хураах тухай Европын Холбооны мэтгэлцээнд АНУ оролцохгүй байгаа гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь бас мэдэгдэж байсан юм. Европын Холбооны гишүүн орнууд ч энэ асуудлаар нэгдсэн саналд хүрээгүй байгаа ажээ. Герман, Умард Европын орнууд, Дорнод Европын ихэнх улс Оросын хөрөнгийг хураахыг дэмжиж байгаа бол Франц, Итали, Бельги улс болгоомжилж байна.

Оросын хууль ёсны актив хөрөнгийг хураахад чиглэсэн Европын Холбооны аливаа санаачилга нь эмзэг тусах хариу үйлдэлтэй тулгарах нь гарцаагүй гэж Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top