Европт царцаасан Оросын санхүүгийн хөрөнгийг хөдөлгөхгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

Европт царцаасан Оросын санхүүгийн хөрөнгийг хөдөлгөхгүй байлгах бөгөөд түүнийг ашиглах боломжийг цаашид хэлэлцэх шаардлагатай гэж Германы Канцлер Фридрих Мерц мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, энэ хөрөнгийг ашиглах асуудал нь ноцтой бэрхшээлтэй тулгарч байгаа болохоор Европын Комисс үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх ажиллагааны янз бүрийн хувилбарыг судалж байгаа ажээ. “Юуны түрүүнд ирэх жилээс эхлэн Украины найдвартай санхүүжилтийг ямар нэгэн байдлаар хангахыг бид хүсэж байна. Энэ асуудлыг энэ оны эцсээр шийдвэрлэнэ” гэж тэр Брюссельд болж байгаа ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн үр дүнгийн талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэсэн байна.

Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцогчид Оросын актив хөрөнгийг ашиглах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй аж. Оросын 210 тэрбум еврогийн хөрөнгө царцаагдаад байгаа Бельги улс хариу арга хэмжээнээс болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top