Европын Холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээний 16 дахь багцыг хэлэлцэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
4 цагийн өмнө

Европын Холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээний 16 дахь багцдаа ОХУ-аас хөнгөн цагаан импортлохыг хориглох болон шингэрүүлсэн байгалийн хийнээс аажмаар татгалзахад чиглэсэн арга хэмжээ багтаах боломжийг хэлэлцэж байна гэж Блүмберг агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.

Хөнгөн цагааны нийлүүлэлтэд хязгаарлалт нэвтрүүлэх цар хүрээ, цаг хугацааг хараахан тодорхойлоогүй байгаа аж. ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийнээс аажмаар татгалзах арга хэмжээг чухам ямар хэлбэрээр хэрэгжүүлэх нь мөн тодорхойгүй байна. Энэ арга хэмжээг хориг юм уу ирэх сард Европын комиссоос танилцуулах ёстой замын зургийн нэг хэсэг маягаар тодорхойлж магадгүй ажээ.

Блүмберг агентлагийн тайлбарласнаар, тодорхой хязгаартай хугацаанд үйлчлэх энэ хориг арга хэмжээ нь илүү хатуу алхам болох хэдий ч ЕХ-ны гишүүн бүх улс санал нэгтэй дэмжсэн байх шаардлагатай юм. Оросын хийн хоолойгоор нийлүүлдэг байгалийн хийнээс Унгар, Словак зэрэг Европын хэд хэдэн орон ихээхэн хамааралтай байдаг учраас түүнийг хязгаарлах санаа бүтэхгүй болохыг Европын түшмэд хүлээн зөвшөөрч байгаа аж. Европын Холбоо мөн Оросын тээврийн усан онгоцнуудын эсрэг хориг арга хэмжээ нэвтрүүлэх боломжийг хэлэлцэж байна. Түүнээс гадна Хятад, АНЭУ зэрэг гуравдагч орнуудын зарим компани хориг арга хэмжээнд өртөж магадгүй ажээ. Шинэ багц хориг арга хэмжээг энэ оны хоёрдугаар сард батлахаар төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top