Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, гал түймэр, гамшгийн үед аврагч, гал сөнөөгчдийн аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой тусгай зориулалтын автомашины санхүүжилтийг шийдвэрлэлээ.
1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг автомашин нь амьсгалын бие даасан төхөөрөмжийг хадгалах, тээвэрлэх, газар дээр нь цэнэглэх хүчин чадалтай бөгөөд нэгэн зэрэг 20 хүртэлх алба хаагчийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах боломжтой юм.
Гал түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид утаа ихтэй, өндөр халалттай, хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд амьсгалын бие даасан төхөөрөмж ашиглан үүрэг гүйцэтгэдэг. Төхөөрөмжийн агаарын савны багтаамж хязгаарлагдмал байдаг тул богино хугацаанд дахин цэнэглэх шаардлага үүсдэг. Гэвч өнөөдрийг хүртэл Онцгой байдлын байгууллагад газар дээр нь шуурхай цэнэглэх зориулалтын автомашин байгаагүй юм.

Шинээр шийдвэрлэсэн энэхүү автомашин нь агаарын савыг өндөр даралтаар богино хугацаанд цэнэглэхээс гадна хорт утаа зайлуулах болон аврах ажиллагаанд шаардлагатай бусад тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.
Ингэснээр гал түймэр, гамшгийн голомтод ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, аврах ажиллагааны шуурхай байдал, үр нөлөө нэмэгдэхээс гадна иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах боломж улам бүр сайжрах юм.
Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Гал түймэр унтраах, аврах ангиудын үйл ажиллагаанд инновац, ухаалаг технологийг нэвтрүүлэх зорилго бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв” байгуулах талаар нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагуудтай ярилцлаа.

Тус төвийг байгуулснаар үүссэн гамшиг, ослын нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэх, шийдвэр гаргалтыг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргын хувьд нийслэлийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж, ирэх оны нийслэлийн төсөвт тус төвийн бүтээн байгуулалт болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусган шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.





Сэтгэгдэл ( 0 )