Өнгөрөгч оны есдүгээр сард Монголын Ахмадын холбооноос Ерөнхий сайд болон Сангийн сайд нарт 2022-2023 онд багтаан тэтгэврийн зөрүүг арилгах нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж өгөх, 70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлага бүхий асуудлыг хүргүүлж байсан. Тэгвэл өнөөдөр /2022.01.18/ тэрхүү шаадлагыг дахин хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
Ц.СҮХБААТАР: 70-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ НЭН ТЭРГҮҮНД НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэвлэлийн хурлын үеэр ийн ярилаа.
-“Ахмадуудын зүгээс “Амьдрал ахуй хэцүүдлээ, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулж, дээш нь уламжилж өгөөч ээ” гэх хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Ахмадуудыг тэмцлийн хурц хэлбэрт шилжих “жагсаал цуглаан хийе” гэх бүрт нь тайвшруулдаг байсан бол одоо тэдний тэвчээр туйлдаа хүрээд байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт үүнд нөлөөллөө. Бидний өргөн барьж буй энэ шаардлагад 2022 оны Улсын төсөвт тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, зөрүүг арилгах мөнгийг тусгах тухай хөндөгдсөн. Түүнчлэн МҮЭХ-оос хөндсөн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг рүү дөхүүлэхийг бид дэмжиж байгаа. Гэхдээ 10-20 жил хүлээсэн 70-аас дээш настай ахмадууд чинь цаг хугацааны хувьд хүлээлтгүй болоод байна. Тиймээс 70-аас дээш настай, өндөр настнуудын тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг нь нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд шийдэж өгөөч ээ гэж хүсч байгаа. Бусад ахмадууд үүнтэй барьцахгүй байх. Бидний тавьж буй энэ таван шаардлагыг хүлээн авч, энэ сарын 25-ны /2022.01.25/ дотор хариу өгөхийг хүсч байна” гэлээ.
Судалгаанаас харахад нийт тэтгэвэр авч буй өндөр настнуудын 70 орчим хувь нь цалингийн доод хэмжээтэй дүйцэхүйц тэтгэвэр авч байгаа юм.
С.ЭРДЭНЭБАТ: АХМАДУУД ТЭТГЭВЭРТ ГАРААД ШУУД ЯДУУСЫН ЭГНЭЭНД ОРЖ БАЙНА
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэвлэлийн хурлын үеэр:
-“Ахмадууд сүүлийн гурван жил энэ асуудлыг МҮЭХ-нд тавьж байгаа. Өнөөдөр ахмадуудын 70 гаруй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон. Тэр хүмүүс амьдралын боломж, бололцоо муутай давхаргын ихэнх хувийг бүрдүүлж байгаа. Тиймээс цалин хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж энэ асуудлыг шийдэх ёстой. Сар шинийн баяртай холбоотойгоор олон ахмадуудыг хүлээн авч баярлуулах гэдэг уламжлалаа орхиод баяраас өмнө тэтгэврийг нь нэмээд өгөх хэрэгтэй байна. Тэтгэвэрийн зөрүүг арилгахыг хүлээсэн 100 мянга орчим ахмад настан нас барсан албан бус мэдээ бий. Өдөр хоног тутам амьдралаас холдож буй ахмадуудынхаа тэтгэврийг нэмээч гэж төр засгаас хүсч байна. Тиймээс төр засагт “Ахмадуудын тэтгэврийг энэ жилдээ багтаагаад 500 мянга болго” гэх шаардлагыг хүргүүлсэн. Ахмадууд тэтгэвэрт гараад шууд ядуусын эгнээнд орж байна. Ковидын энэ онцгой цаг үед хамгийн их зарлага гаргаж, хамгийн өндөр үнэтэй эм тариаг ахмадууд хэрэглэж байгаа. Тиймээс шийдвэр гаргах түвшний, төр засгийн удирдлагууд сар шинийн өмнө тодорхой шийдэл гаргана гэж найдаж байна” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 3 )
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2019 оноос 420 мянга болсон.Гэтэл одоо хүмүүс. 350 мянгаар тэтгэвэрт гарч байгаа.
Улсад 33 жил ажиллаад 2014 онд 460 мянгаар тэтгэвэрт гарсан. яг над шиг ажил хийж байгаад одоо тэтгэвэрт гарахад 800 мянгаас дээш гарч бна. Цалингийн нэмэгдэл үнийн өсөлттэй уялдуулж тэтгэврийг жил бүр нэмэгдүүлж байх шаардлагатай бна.
Zuvhun dood hemjeeg nemegdvvlehiig demjihgvi.ajillasan jil.shimtgel tulsun baidliig hargalzah zarchim barimtlah heregtei.