АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф Нью Йорк хотноо Израил, Катарын төлөөлөгчдийн хооронд нууц уулзалт зохион байгуулна. Эл уулзалт нь хоёр улсын харилцааг хэвийн болгох зорилготой гэж Axios мэдээлжээ.
Тус порталын эх сурвалжийн мэдээллээр, Израилын төлөөлөгчдийг тагнуулын Моссад албаны тэргүүн Давид Барнеа тэргүүлэх гэнэ. Уулзалтын үеэр талууд Газын зурвасын нөхцөл байдал, Хамас хөдөлгөөний зэвсгийг хураах сэдвийг хөндөнө гэж тус портал онцолсон байна.
АНУ-ын Ойрх Дорнод дахь гол түнш орнууд болон тус хоёр улсын харилцаа есдүгээр сарын 9-нд Израил Дохад байсан Хамас хөдөлгөөний удирдагчдын эсрэг халдлага үйлдсэнээс хойш хурцдаад байгаа билээ. Палестины хөдөлгөөний мэдээлснээр, цохилтын улмаас Хамасын зургаан гишүүн амь үрэгдсэн.
Есдүгээр сарын сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Катарын засгийн газрын тэргүүн Мухаммед бен Абдель Рахман Аль Тани нартай утсаар ярьж, үл ойлголцлыг зохицуулах гурван талт механизм байгуулахаар тохиролцжээ. Энэ үеэр Нетаньяху Катарын ерөнхий сайдад хандан Хамасын удирдагчдад цохилт өгөхдөө тус улсын тусгаар байдлыг зөрчсөнд уучлал хүсэж, дахин ийм явдал гаргахгүй хэмээн амласан байна.

Сэтгэгдэл ( 0 )