ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагийн /2026.05.19/ орой Бээжин хотноо төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очно. Энэ удаагийн айлчлал нь В.Путины энэ оны анхны гадаад айлчлал юм.
Энэ үеэр хоёр улсын харилцааны чухал асуудлуудыг хэлэлцэхээс газрын тос, байгалийн хийн салбарын хамтын ажиллагааны сэдэв, тэр дундаа “Сибирийн хүч 2” төслийг дэлгэрэнгүй хөндөнө гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ.
В.Путиныг засгийн газрын даргын таван орлогч, найман сайд, Оросын Төв банкны тэргүүн, орон нутгийн дарга нар, төрийн өмчит корпорац, томоохон банкнуудын удирдлага болон бизнес хүрээнийхэн дагалдана.
Хоёр талын яриа хэлэлцээгээр В.Путин, Ши Жиньпин нар эрчим хүчний эх үүсвэрийн сэдвийг дэлгэрэнгүй хөндөхөөр төлөвлөжээ. Ойрх Дорнодод хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед Орос найдвартай нийлүүлэгчийг үүргээ гүйцэтгэсээр байгаа бол БНХАУ хариуцлагатай хэрэглэгч байсаар байна гэж Ушаков онцолжээ. Энэ он гарснаас хойш Орос улс Хятадад нийт 31 сая тонн газрын тос газрын тос нийлүүлээд байна. Түүнчлэн ОХУ байгалийн хийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг хэвээр байна. Энэ хүрээнд “Сибирийн хүч” байгалийн хийн хоолойн төслийг хэлэлцэнэ. Ормузын хоолойг тойрсон хямрал Оросын эрчим хүчний эх үүсвэрийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна. 2027 онд Алс Дорнодын хийн хоолойг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол Хойд туйлын бүс болон Алс Дорнодод нүүрсустөрөгчийг олборлох, боловсруулах төслүүдийг хэрэгжүүлж байна.
Талууд нийт 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. В.Путин, Ши Жиньпин нар бодлогын чанартай хоёр баримт бичиг гаргана. Тухайлбал, Олон туйлт дэлхийн дэг журам, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг бүрэлдүүлэн хөгжүүлэх тухай тунхаг болон Иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргахаар айлчлалын хөтөлбөрт тусгажээ.
Талууд мөн Ойрх Дорнодын сэдвийг хөндөж, БРИКС-ийн хүрээнд байр сууриа нэгтгэнэ.
В.Путинд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Жян бараалхана.
Түүнчлэн, В.Путин, Ши Жиньпин нар ТАСС, Синьхуа агентлагуудын бэлтгэсэн хоёр улсын харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхоно.
Айлчлалын хөтөлбөрт мөн Боловсролын жилийн нээлт оржээ. Энэхүү хоёр талын томоохон хүмүүнлэгийн төслийн хүрээнд олон зуун арга хэмжээ, бага хурал, олимпиад, тэмцээн, уралдааныг зохион байгуулахаар ажиллаж байна. Өдгөө Оросын их, дээд сургуулиудад Хятадын 57 мянган оюутан суралцаж байгаа бол Хятадад Оросын 21 мянга орчим оюутан суралцаж байна.

Сэтгэгдэл ( 0 )