ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус хоёр улс Сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээгээ сунгах тохиролцоонд хүрчээ.
Орос, Хятадын харилцаа илүү үр ашигтай, эрчимтэй хөгжлийн шатанд гарч байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин В.Путинтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал ярвигтай болж байгаа энэ үед Хятад, Орос нь иж бүрэн стратегийн түншлэлийг эрх тэгш харилцаа, харилцан хүндлэл, итгэл, шударга ёс болон харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр тулгуурлан хөгжүүлж байна гэж Ши Жиньпин онцолсон байна.
Тэрбээр, Ойрх Дорнод болон Персийн булан дахь нөхцөл байдал дайн, энх тайван хоёрын хоорондох торгон зааг дээр буйг онцлоод цэргийн ажиллагааг даруй зогсоох шаардлагатай байна гэж. Үүнд яриа хэлэлцээний арга замыг сонгох нь туйлын чухал. Мөргөлдөөнийг зогсоосноор эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн тогтвортой байдал болон олон улсын худалдаанд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд, дэлхийн тэргүүлэгч их гүрнүүдийн хувьд БНХАУ, ОХУ нь урт хугацааны стратегийн хэтийг харж, олон талт стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар үндэсний хөгжил, цэцэглэлтийг хангах, дэлхийн засаглалын илүү шударга, эрх тэгш системийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх учиртай гэж Ши Жиньпин мэдэгдэв.
ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг хоёр талын формат болон олон улсын тавцанд хөгжүүлнэ гэж Владимир Путин мэдэгджээ. Талууд олон туйлт дэлхийн дэг журмыг бүрэлдүүлэх чиглэсэн тогтвортой хөгжлийн маш сайн үндэс суурийг тавьж байна гэв.
Түүний хэлснээр, олон улсын нөхцөл байдал хурцдаад буй өнөө үед хоёр талын нягт хамтын ажиллагаа онцгой чухал ач холбогдолтой. Талууд НҮБ, БРИКС, Их-20 бүлэг зэрэг хүрээнд үйл ажиллагаагаа харилцан уялдуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай идэвхтэй хамтран ажилласаар байна.
Тэрбээр Шэнжэньд ирэх намар болох Ази-Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоход бэлэн буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )