БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва хотод гурван хоногийн айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар албан бус уулзалт хийжээ. Тэдний уулзалт дөрвөн цаг хагас үргэлжилсэн байна.
Уулзалтын эхэнд В.Путин Ши Жиньпинд БНХАУ-ын даргын албан тушаалд дахин сонгогдсонд баяр хүргэж, 10 жилийн өмнө анх энэ албан тушаалд томилогдсоны дараа Москвад ирж байсныг дурджээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд Хятад улс хөгжлийн асар том үсрэлт хийсэн гээд энэ амжилт нь дэлхий дахины анхаарлыг татаж буйг онцолжээ. “Бид бага зэрэг үүнд атаархаж байна” хэмээн Путин илэрхийлжээ.
Сүүлийн 10 жилд хоёр улсын худалдааны эргэлт хоёр гаруй дахин өссөн гэв. Тэрбээр Кремль Украины хямралыг зохицуулах талаар Бээжингийн дэвшүүлсэн саналыг анхааралтай судалж, албан ёсны хэлэлцээний үеэр энэхүү саналуудыг судлах боломжтой хэмээн мэдэгджээ.
Ши Жиньпин Хятадын тал Оростой харилцах харилцааг өндрөөр үнэлдэг хэмээн мэдэгдэж, Хятадын хөгжил, бүтээн байгуулалтыг үнэлж, Бээжинг дэмждэгт талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр 2024 онд Орост болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сануулаад Путины хатуу удирдлага дор Оросын хөгжил, цэцэглэлт эрчимтэй дэвшилд хүрсэн хэмээн дурджээ. Тэрбээр Оросын ард түмэн ерөнхийлөгчөө үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Айлчлалынхаа хоёр дахь өдөр Ши Жиньпин Владимир Путинтай албан ёсны хэлэлцээ хийн, хоёр талын эдийн засаг, цэрэг, техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээс гадна хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна. Ши Жиньпинд ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин мөн бараалхана.
Сэтгэгдэл ( 0 )