Дэлхийн анхаарлыг татсан Ши Жиньпиний Москвад хийсэн АЙЛЧЛАЛ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

 

Орос, Хятадын харилцаа орчин цагийн дэлхийн хэв журамд амин чухал ач холбогдолтой хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн хэлэлцээний дараа мэдэгджээ. Хэлэлцээний дүнд талууд хоёр хамтарсан мэдэгдэлд гаргав.

В.Путин Хятад улс нь Оросын худалдааны хамгийн түншийн байр суурийг баттай эзэлж байна хэмээн онцлоод энэ онд тус хоёр улсын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларыг давах төлөвтэй байна гэжээ. ОХУ нь Хятадын зах зээлд мах, үр тариа болон бусад төрлийн бараа нийлүүлэх бүрэн боломжтой ба холбогдох яамд бүтээгдэхүүнийхээ чанарын стандартыг хангах тал дээр идэвхтэй ажиллаж байна.

Ши Жиньпиний мэдэгдсэнээр, сүүлийн 10 жилд хоёр талын худалдааны эргэлт 116 хувиар өсөж, хоёр улсын харилцааны үндсийг бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж буйг дурджээ.

ОХУ нь газрын тос, байгалийн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний стратегийн нийлүүлэгч хэвээр байна. Оросын бизнес Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээг хангах чадвартай хэмээн В.Путин мэдэгджээ. Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Сибирийн хүч 2” хийн хоолойг барих асуудлыг хэлэлцэв. Украины хямралыг зохицуулах чиглэлээр дэвшүүлсэн Хятадын санаачилгын ихэнх заалтууд Москвагийн байр суурьтай нийцэж байгаа ба өрнөд болон Киевийн зүгээс энхийн хэлэлцээ хийхэд бэлэн болсон үед эдгээр заалтыг үндэслэх боломжтой хэмээн Путин онцолсон байна.

Их Британийн батлан хамгаалахын дэд сайд Аннабэл Голдигийн Украинд ханасан уран агуулсан сум нийлүүлэх төлөвлөгөөний талаар хийсэн мэдэгдлийн талаар Путин “Өрнөд сүүлчийн украин цэрэг үхтэл тулалдахаар шийдсэн нь зүгээр нэг үг биш нь харагдаж байна” хэмээн мэдэгдэв. Хэрэв өрнөд ийм нийлүүлэлт хийж эхэлбэл Орост хариу барихаас өөр аргагүйд хүрнэ хэмээн онцолсон байна. Бээжин Украины асуудалд бодитой бөгөөд нээлттэй байр суурийг баримталж байна хэмээн Ши Жиньпин дурдаад асуудлыг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг идэвхтэй дэмжиж байна гэжээ.

БНХАУ-ын дарга Орос, Хятадын харилцаа улс хоорондын харилцааны хүрээнээс хальж, орчин цагийн дэлхийн хэв журамд амин чухал ач холбогдолтой болсон гээд тус хоёр улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран олон улсын харилцааны суурь хэм хэмжээг шийдвэртэй хамгаалах болно хэмээн мэдэгджээ. ОХУ, БНХАУ нь аливаа улс болон эвсэл цэрэг, улс төр, эдийн засгийн давамгай байдал олж авах зорилгоор бусад улсын хууль ёсны эрх ашигт хохирол учруулахын эсрэг хатуу байр суурийг баримталж байна.
 


Хамтарсан мэдэгдлүүд

Иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Москва, Бээжингийн харилцаа гуравдагч талын эсрэг чиглээгүй болохыг онцолжээ. Хятад улс Украины хямралын зохицуулах зорилгоор энхийн хэлэлцээг сэргээх чиглэлд Орос бүхий л хүчин чармайлт гаргахад бэлэн буйг үнэлсэн бол ОХУ хямралыг шийдэхэд идэвхтэй оролцоход бэлэн буй Хятадын байр суурийг сайшаажээ. Талууд нөхцөл байдлыг хурцатгах, удаашруулахад хүргэх аливаа алхмаас татгалзахыг уриалж, нэг талын хориг арга хэмжээний эсрэг байр суурь илэрхийлсэн байна.

Талууд НАТО-д бүс нутгийн батлан хамгаалах байгууллага байх үүргээ хатуу биелүүлэхийг уриалж, AUKUS түншлэлийн дагуулах эрсдэлд санаа зовниж буйгаа илэрхийлэн, Иран, Саудын Араб дипломат харилцаагаа сэргээснийг сайшаажээ. Москва Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үзэж буйгаа дахин нотолсон байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэлд талууд Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хөгжүүлэх тухай заажээ. Үүнд хоёр талын худалдаа, үндэсний валютын үүргийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн хамтын ажиллагааны түвшин нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлийг тодорхойлсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.170.241.127) 2023 оны 03 сарын 23

Чоно хонь хоёрын гэрлэлт шиг харагдаж бна.Хятад эцэст нь залгина.

0  |  0
Зөнч(139.5.218.215) 2023 оны 03 сарын 23

Цаг хугацааны шалгуурт түншлэлийг үлдээ

0  |  0
зочин (202.9.47.22) 2023 оны 03 сарын 22

Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Сибирийн хүч 2” хийн хоолойг барих асуудлыг хэлэлцсэн нь Монголд чухал ач холбогдолтой айлчлал боллоо

0  |  0
.(103.57.93.207) 2023 оны 03 сарын 22

Энэ 2ыг хараад Амерк өвөө Жоом Байла өмдөндөө авч байгаадаа

1  |  0
Top