ОХУ болон БНХАУ хоёр талын худалдааны төлбөр тооцоог рубль болон юаниар хийдэг болсон нь Америкийн хоригийн үр нөлөөг ихээхэн сулруулсан гэж БНХАУ-д суух АНУ-ын Элчин сайдын албан тушаалд нэр дэвшигч Дэвид Пердью АНУ-ын Сенатын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хороонд болсон сонсгол дээр мэдэгджээ.
“Бидний нэвтрүүлсэн хориг Орос, Хятадын худалдааны хувьд ажиллахгүй болж эхэлж байна. Давхар зориулалттай барааны хувьд хориг ажиллахгүй байгаа юм. Үүний гол шалтгаан нь Орос, Хятад хоёр төлбөр тооцоогоо үндэсний валютаар хийж байгаад оршино” гэж тэр онцолсон байна. Түүний хэлснээр, Хятад улс газрын тосыг голдуу Орос болон Иранаас худалдан авч байгаа бөгөөд Орос улс нийт орлогынхоо гуравны нэг орчим хувийг Хятадтай хийж буй худалдаанаас олж байгаа ажээ. Оросын гадаад худалдааны түншүүдийн дотор Хятад улс тэргүүн байр эзэлдэг бөгөөд хоёр улс хоорондын төлбөр тооцооны 95%-ийг үндэсний валютаар хийдэг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад суух Америкийн элчин сайдын албан тушаалд Дэвид Пердью-г 2024 оны арванхоёрдугаар сард нэр дэвшүүлжээ. Тэрээр олон жил Ази болон Хятадад ажиллаж байсан туршлагатай юм байна. Тэрээр мөн 2015-2021 онд АНУ-ын Сенатын гишүүнээр ажиллаж байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )