Хятадын Коммунист намын Төв хорооны бүгд хурал эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо тус улсын улстөрийн чухал үйл явдал болох Хятадын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурал болж байна.

ХКН-ын дээд түвшний удирдлагын хаалттай зөвлөгөөнөөр ирэх жилүүдийн намын бодлогыг тодорхойлдог. Энэ удаагийн хуралдаанаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2027 онд улиран сонгогдохоосоо өмнө эрх мэдлээ улам бэхжүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.
Бүгд хуралд ХКН-ын Төв хорооны 300 гишүүн оролцож байна. Энэхүү арга хэмжээ нь намын эгнээнд сахилгыг чангатгах хөрс суурийг бэлдэх учиртай гэж хэвлэлүүд онцолжээ.

Даваа гарагт эхэлсэн бүгд хурлын үеэр Ши Жиньпин төрийн чухал албан тушаалд хамгийн итгэлтэй хамтран зүтгэгчидээ томилж магадгүй. Энэ нь 2027 оны намар болох ХКН-ын XXI их хурлын өмнө авах чухал алхам юм. Энэхүү их хурлаар Ши Жиньпин дөрөв дэх удаагаа намын дарга, улмаар БНХАУ-ын даргаар сонгогдох нь гарцаагүй.

Өмнөх бүгд хурлууд Ши Жиньпиний хувьд эрх мэдлээ бэхжүүлэх чухал үе шат болж байв. 2016 оны аравдугаар сард болсон ХКН-ын Төв хорооны бүгд хурлаар тэрбээр “намын удирдах цөм“ гэсэн статустай болж байв. 2017 оны аравдугаар сарын ХКН-ын их хурлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний нэрийг намын дүрэмд оруулсан нь тус улсын томоохон лидерууд болох Мао Зедун, Дэн Сяопинь нартай нэг түвшинд аваачсан юм. Тус нэмэлт өөрчлөлтийг намын их хурал болохоос хэдхэн долоо хоногийн өмнө болсон ХКН-ын Төв хорооны бүгд хурлаар баталж байжээ. Мөн хурлаар Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар улируулан сонгох хязгаарлалтуудыг цуцлах тухай асуудлыг хэлэлцэж, 2018 онд энэхүү санаа биеллээ олж, бүх хязгаарлалтуудыг цуцалсан билээ. Үүнээс өмнө БНХАУ-ын дарга, түүний орлогч хоёр удаа таван жилийн хугацаанд сонгогдох эрхтэй байжээ. 2023 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа Ши Жиньпин гуравдах удаагаа сонгогдож байв.

Жилд нэг удаа болдог ХКН-ын Төв хоороны бүгд хурал чанд нууцлалын нөхцөлд болдог. Энэ жил тус арга хэмжээний болох газрыг хүртэл албан ёсоор мэдээлээгүй. Өмнөх бүгд хурлууд Бээжин хотын “Жинши” зочид буудалд болж байжээ. Бүгд хурлаас гаргасан шийдвэрийг хэвлэлээр тоймлон хүргэдэг ба хожим нь дэлгэрэнгүй тайлан гардаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top