Аюулгүй байдлын асуудлаарх 13 дахь удаагийн Сяншанийн олон улсын форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотод үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд болж буй тус арга хэмжээнд дэлхийн 100 орчим улс, бүс нутаг болон олон улсын байгууллагын албан ёсны төлөөлөгчид оролцож байна. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жян Биний хэлснээр, форумын 60 гаруй оролцогч нь батлан хамгаалах байгууллагын удирдлагууд болон зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар юм.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, 2026 онд Сяншанийн форум байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд тус форум нь “Хятадын цэргийн дипломат харилцааны тод бэлгэ тэмдэг” болсон байна. Тиймээс энэ удаагийн форум нь “өнгөрсөн үеийг ирээдүйтэй холбох гүүр” болохын хувьд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Энэ удаагийн форум “Тогтвортой байдлын асуудлаарх зөвшилцлийг бий болгож, аюулгүй байдлын салбарын засаглалыг хамтдаа урагшлуулъя” гэсэн уриан дор болж байна. Уламжлал ёсоор форум хэлэлцүүлгийн салбар хуралдаануудаар эхэлж байгаа бөгөөд олон туйлт дэлхийн тогтолцоог эрх тэгш, эмх цэгцтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илүү шударга, оновчтой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх, бүс нутгийн болон орон нутгийн зөрчил мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хятад, АНУ-ын хооронд стратегийн тогтвортой байдлыг хангахуйц бүтээлч харилцааг бий болгох, хиймэл оюун ухааны технологийн аюулгүй байдлыг хангах механизмуудыг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Форумын гол хэсгийн нээлтийн ёслол хоёр дахь өдөр болно. Үүний дараа оролцогчид тэргүүлэх гүрнүүдийн харилцааны хүрээнд олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хадгалах, сорилт бэрхшээлтэй тэмцэх Азийн загварыг бүрдүүлэх, зэвсэглэл болон шинэ цэргийн технологид тавих хяналт, орон нутгийн болон бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах, далайн тээврийн аюулгүй байдлыг хамгаалах, сансрын орон зайн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Түүнчлэн Сяншанийн форумын хүрээнд дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн дөрвөн нэгдсэн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бусад хуралдаанаар дэлхийн аюулгүй байдлын засаглалын асуудалд Хятадын гүйцэтгэх үүрэг, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй сорилт болон авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Украины хямрал, Ойрх Дорнодод энх тайвныг сэргээх хэтийн төлөв, ирээдүйн дайнд хиймэл оюун ухааны технологийг ашиглах асуудал, геополитикийн хүрээнд стратегийн коридоруудын ач холбогдол, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, зэвсэгт хүчний шинэчлэл зэрэг сэдвийг хэлэлцэнэ.
Үүнтэй зэрэгцэн Хятад-Африкийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх дөрөв дэх форум мөн зохион байгуулагдана.
Сяншанийн форумыг 2006 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академи зохион байгуулагч байгууллагаар ажилладаг. Бээжин хотноо жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь Ази-Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны асуудалд анхаарлаа хандуулдаг. Зэвсэгт хүчний хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү чухал платформын үндсэн зарчим нь эрх тэгш байдал, нээлттэй байдал, хүлээцтэй байдал болон харилцан туршлага солилцох явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )