Ираны дэмжлэгтэй Йемений хуситууд Баб-эль-Мандебын хоолой орчим газрын довтолгоог эхлүүлж, пүрэв гарагт Моха боомтыг эзлэн авчээ. Хуситууд болон Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчний хооронд үүссэн мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давав.
Улаан тэнгис дэх Баб-эль-Мандебын хоолой Персийн булан, Ази, Европыг холбодог худалдааны гол замын нэг юм. Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш тус усан зам Саудын газрын тосны экспортын хувьд онцгой ач холбогдолтой болсон юм.
Хурцадмал байдал долоо хоног үргэлжилж байна. Үүний улмаас 500 гаруй хүн амиа алдсан бол 18.5 мянган энгийн иргэн гэр орноо орхиход хүрчээ.
Хуситуудын довтоолгоонтой зэрэгцэн Саудын Арабын газар нутагт цохилт өгч байна. Босогчид Саудын Арабын Абха, Хамис-Мушайт, Жизан хотуудад баллистик пуужин, дроноор цохилт өгч байна.
Эр Рияд агаарын цохилтоор хариу өгч байна. Хуситуудын мэдээлснээр, сүүлийн хэдэн цагт Саудын нисэх хүчин 40 орчим цохилт өгчээ.
Хуситууд энэ долоо хоногийн эхээр Йемений хорих газарт цохилт өгсөн гэж Саудын Арабыг буруутгаж байна. Йемений эрүүл мэндийн яамны мэдээллээр, халдлагын улмаас 32 хүн амиа алдаж, олон хоригдол нурангид дарагджээ.
Энэ удаагийн хурцадмал байдал 2022 оноос хойш Йемений иргэний дайныг тогтоон барьж байсан хэврэг эвлэрлийг үгүй хийх аюултай. 2014 оны хуситууд Йемений Сана хотыг эзэлснээр мөргөлдөөн эхэлжээ. Хуситууд нь Йемений гол цэргийн хүчин хэвээр байгаа бөгөөд Йемений хүн амын 60-65 хувь амьдарч байгаа нутаг дэвсгэрийг хянаж байна.

Сэтгэгдэл ( 0 )