Саудын Араб Зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

 

Саудын Араб Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний босогчидтой мөргөлдсөний дараа Зэвсэгт хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай Блүмберг агентлаг эх сурвалж дурдан дамжуулжээ.

Босогчид Саудын Арабын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгөхөөр завдсаны дараа Саудын Арабын Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үүрэг өгсөн байна. Пуужинг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тусламжтай агаарт устгажээ. Үүнтэй зэрэгцэн Йементэй залгаа хил дээрх Жизан мужийн бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас Саудын Арабын дөрвөн цэрэг амиа алдсан байна. Энэ сарын 19-нд босогчид Израилын зүг далавчит пуужин, дрон нисгэснээс хойш мөргөлдөөн гарах болжээ.

Блүмберг агентлагийн мэдээллээр, Саудын Арабын батлан хамгаалахын сайд, ханхүү Халед бен Сальман Аль Сауд Вашингтонд айлчилж, Израил, Хамасын дайны үр дагавар, болон Йемен дэх нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Йеменд 2014 оны наймдугаар сараас хойш Засгийн газрын хүчин, “Ансар Аллах” хөдөлгөөний хооронд мөргөлдөөн үргэлжилж байна. 2015 онд Саудын Араб тэргүүтэй холбоотнууд 2015 оны гуравдугаар сард Йеменд орж ирснээр мөргөлдөөн улам хурцадсан. 2022 оны дөрөвдүгээр сард талууд энхийн тохиролцоонд хүрч, энхийн хэлцийн хүчин төгөлдөр хугацаа аравдугаар сарын 2-нд дуусгавар болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top