Израил, Хамас бүлэглэлийн дайн хоёр сар гаруйн хугацаанд анх удаа дэлхийн худалдаанд саатал гарахад хүргэлээ. Палестинчуудтай эв санааны нэгдэлтэй Йемений хүситүүд худалдааны хөлгүүд рүү гал нээх болсон тул олон улсын усан тээврийн томоохон компаниудын тэвчээр алдагдаж, улмаар Европ, Азийн холбосон худалдааны гол зам болох Улаан тэнгис, Суэцийн суваг болон Баб эль Мандебийн хоолойгоор дайран өнгөрдөг чингэлэг, газрын тос, шингэрүүлсэн хий болон бусад бараа, бүтээгдэхүүний тээврээ түр зогсоогоод байна.
Хүситүүдийн бүслэлт дэлхийн худалдаанд ямар үр дагавартай вэ? Дэлхийн эдийн засаг үүнтэй хэр их хугацаанд эвлэрч чадах вэ?
Юу болов
Хүсит босогчид өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн Баб эль Мандебын хоолойгоор дайран өнгөрөх худалдааны хөлөг онгоц руу халдах болсон билээ. Үүгээр хүситүүд палестинчуудтай эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлж байна. Йемений ихэнх хэсгийг хяналтдаа авсан хүситүүдийг Иран дэмждэг ба Саудын Араб, АНУ, Израилын дайсан гэж үздэг. Тэд байгаа Израилын худалдааны хөлөг онгоцнууд хэмээн тодорхойлсон ч дроны халдлагад Израилтай холбоогүй хөлөг онгоцнууд өртөж байна.
Улмаар MSC, Maersk, CMA CGM зэрэг усан тээврийн томоохон компаниуд Африкийг тойрч, илүү урт замаар чингэлэг тээврээ гүйцэтгэх болжээ. Хэрэв тэдний замыг хуурай ачаа болон газрын тос тээвэрлэгчид дагавал Суэцийн сувгийг дайран өнгөрдөг амин чухал чиглэлийн хөдөлгөөн бүрэн зогсоно гэсэн үг.
Олон улсын тээврийн “Kuehne+Nagel” компанийн мэдээллээр, хагас сая гаруй чингэлэг тээвэрлэсэн 120 гаруй хөлөг чиглэлээ өөрчлөөд байна. Одоогоор газрын тос, шингэрүүлсэн хий тээвэрлэгч хөлгүүд тэдний араас Африкийн тойрохоор Сайн итгэлтийн хошууны зүг хөдлөхөөс яарахгүй байна. Их Британийн газрын тосны “ВР”, Норвегийн “Equinor” компаниуд нөхцөл байдал тодорхой болтол Улаан тэнгисээр хийх газрын тос, шингэрүүлсэн хийн тээврээ түр зогсоогоод байна.
Хуурай ачаа болон газрын тос тээвэрлэгч хөлгүүд удаан үргэлжлэхгүй хямрал дуусахыг хүлээх боломжтой. Учир нь томоохон компаниуд цаг хугацаандаа нийлүүлэгдээгүй газрын тос, шингэрүүлсэн хийг бусад нийлүүлэлтээр нөхөх чадвартай. Чингэлэг тээврийн хөлгүүд гол төлөв хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэж байна. Учир нь эдгээрийн нийлүүлэлт цаг хугацааны хувьд асар чухал ач холбогдолтой.
Европ нь Ази, Персийн булангаас худалдан авсан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн 15 хувь, тэр дундаа газрын тосны 13 хувь, газрын тосны бүтээгдэхүүний 22 хувийг далайгаар тээвэрлэдэг.
Орос Украинд халдан довтолж, өрнөдийн зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа дээрх чиглэл Оросын газрын тосны экспортын хувьд онцгой ач холбогдолтой чиглэл болсон юм. Суэцийн суваг болон Баб эль Мандебын хоолойгоор хоногт тээвэрлэгддэг долоон сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний дөрвөн сая баррелийг нь Оросоос Азид нийлүүлэгдэж буй газрын тос эзэлж байна.
Бүслэлт ямар үр дагавартай вэ
Хүситүүдийн халдлага Улаан тэнгисээр дамжих тээврийн даатгал болон хамгаалалтын үнийг хөөргөөд байна. Үүний улмаас тээврийн зардал нэг долоо хоногийн дотор дөрвөн хувиар нэмэгджээ. Хүситүүдийн дроноос зайлсхийх урт зам Өмнөд Африкийн Сайн итгэлтийн хошуугаар дамжин өнгөрдөг. Тус чиглэл 10 хоног, 3.5 мянган далайн милээр урт.
Тээвэрлэлт, даатгалын нэмэлт зардал, нийлүүлэлтийн тасалдал, боомт дахь урт дарааллууд бензин, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, эцсийн хэрэглэгчдэд мэдрэгдэнэ.
Цар тахал, Оросын Украинд халдсанаас үүдэн инфляц тэртээ тэргүй дээд цэгт хүрээд байгаа. Үүнтэй тэмцэхийн тулд төв банкнууд бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь эдийн засагт цохилт өгч, дэлхийн сул өсөлтийг улам бүр сааруулж байна. Сүүлийн үед инфляцын хөөргөдөл бага зэрэг хөрж эхэлж байсан ч хүситүүдийн халдлагууд үнийг дахин өсгөж, бодлогын хүү буурна, эдийн засаг идэвхэжнэ гэсэн хүлээлтийг сунгаж болзошгүй байна.
Энэ бүхэн хүситүүд Европ, Азийг холбосон худалдааны гол замд тээврийн хөлөг онгоцнуудыг хэр удаан хугацаанд айдаст автуулахаас шалтгаална.
“Financial Times” хэвлэл хүситүүдийн бүслэлтийг “Орос Украинд халдсанаас хойш тохиож буй дэлхийн худалдааны томоохон хүндрэл” хэмээн тодорхойлжээ. Блүмберг агентлаг өнөөгийн эл хямралын дэргэд 2021 онд Суэцийн сувагт “Evergreen” чингэлэг тээврийн аварга хөлөг онгоц гацсанаас үүдэлтэй хямрал юу ч биш хэмээн онцолжээ. “Evergreen” хөлгийг долоо хоногийн дотор гаргаж авсан ч дэлхийн худалдаа хэдэн сараар үргэлжлүүлэн “халуурсан” билээ.
Харин энэ удаагийн хямрал далайн тээврийн харьцангуй тайван улиралд тохиож байна гэж “S&P Global Market Intelligence” судалгааны компанийн шинжээч Крис Рожерс тодруулжээ. Асуудал гарах нь дамжиггүй ч цар хүрээг нь цар тахлын дараах үеийнхтэй харьцуулахын аргагүй. Тухайн үед бараа, түүхийн эдийн “галзуурсан” эрэлт тээврийн үнийг хөөсрүүлж, дэлхийн бараа нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдахад хүргэсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт “Al Jasrah” тээвэрлэгч хөлөг нь хүситүүдийн халдлагад өртсөн “Hapag-Lloyd” компанийн захирал Нильс Хаупт “Бүх зүйл өмнөх шиг муугаар эргэнэ гэж бодохгүй байна” хэмээн өөдрөг санаа дэвшүүлэв.
Тасалдал гарна, хүлээлт ч үүснэ. Гэхдээ нийлүүлэлт бүрэн сүйрнэ гэж байхгүй.
Юу хийх вэ
АНУ тэргүүтэй НАТО-ийн орнууд асуудлыг хэрхэн шийдэх талаар эргэцүүлж байна. Нэг арга зам нь Сомалийн далайн дээрэмчид дээр туршсан арга. Өөрөөр хэлбэл хөлөг онгоцнуудыг цэргийн онгоцоор хамгаалуулан Улаан тэнгисээр гаргах. Энэ тохиолдолд хүлээлт үүсдэг. Мөн далайн дээрэмчдийг бодвол хүситүүд хөлөг онгоцнуудыг эзлэн авахаас илүүтэйгээр дрон, пуужингаар цохилт өгч байна. Тиймээс одоогоор НАТО-ийн тэнгисийн болон агаарын хүчнээр бүс нутгийн хамгаалж, Йемений зүгээс Улаан тэнгисийн зүг нисэж буй бүхнийг устгах хувилбарыг түлхүү боловсруулж байна.
Харин гурав дахь хувилбар нь хүситүүдэд цохилт өгөх. Гэхдээ энэ хувилбар хүчирхийллийг хурцатгах аюултай тул анхаарлаас гадна үлдэж байна. Хүситүүд одоогоор зөвхөн хөлөг онгоцнуудыг онилж байна. Гэхдээ халдлагад Саудын Арабын нутаг дэвсгэр өртөж байсан.
Хүситүүдийн халдлага Иран болон Орост ашигтай. Учир нь дэлхийн худалдааны аюулгүй байдал, Ойрх Дорнодын бүс нутаг дахь өрнөдийн эрх ашигт баталгаа олгогч орны хувьд АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Үүний сацуу, тэртээ тэргүй Украин, Израилд цэргийн тусламж үзүүлж, багагүй ачаа үүрч байгаа НАТО-ийн орнуудад шинэ хямрал бас нэг толгойн өвчин болж нэмэгдэнэ.
АНУ, НАТО-ийн эдийн засаг, цэргийн гол өрсөлдөгч болох Хятад улс нь одоогоор зай барьж байна. Хэрэв хямрал сунжирч, дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлж, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсгөхөд хүргэвэл Бээжин хүситүүд болон Иранд дарамт үзүүлэх нь тодорхой.
Сэтгэгдэл ( 0 )