Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг барьцаалагдсан израилчуудаар солино

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 09

Израил болон ХАМАС бүлгийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг барьцаалагдсан израилчуудаар солих ажиллагааг аравдугаар сарын 13-нд хэрэгжүүлэх боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Барьцаалагдсан хүмүүсийг суллахад чиглэсэн ажил одоо эрчимтэй өрнөж байна. Барьцаанд байхдаа амиа алдсан хүмүүсийн цогцсыг бас шилжүүлэн өгнө” гэж тэр тэмдэглэв.

Израил болон ХАМАС бүлгийн төлөөлөгчид Египетэд яриа хэлэлцээ хийж, Газын зурваст энх тайван тогтоох төлөвлөгөөний эхний шатанд хэрэгжүүлэх зүйлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай өмнө нь Трамп мэдээлж байсан юм. Энэ тохиролцооны дагуу ойрын хугацаанд барьцаанд байгаа бүх хүнийг суллаж, Газын зурвас дотор зөвшилцсөн шугам хүртэл Израилын цэргийг эргүүлэн татах ажээ. Газын зурвасын сэргээн босголтод АНУ бусад улстай хамтран оролцоно гэж АНУ-ын Засаг захиргааны тэргүүн мөн мэдэгдсэн байна.

“Газын зурвастай холбоотой асуудлуудыг шийдэх “Энхийн зөвлөл” байгуулна. Ойрх Дорнодын орнууд нэгдэн нягтарч байна. Энд маш баян улс орнууд байдаг болохоор тэд энэ баялгийнхаа багахан хэсгийг гаргахад Газын зурваст их зүйл хийж бүтээх боломж бүрдэнэ. Бид үүнд оролцоно” гэж Трамп онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top