Хамас байлдааны ажиллагааг түр зогсоох саналыг хүлээн авсангүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 21

Хамас бүлэглэл байлдааны ажиллагааг нэг долоо хоног түр зогсоох тухай Израилын тавьсан саналыг хүлээн авахаас татгалзсан тухай ВВС агентлаг дамжуулжээ. Израилын тал Газын зурваст барьцаанд байгаа 40 хүнийг суллах болзол тавьсан юм.

Лхагва гарагт /2023.12.20/ Хамас бүлэглэлийн тэргүүн Исмаил Ханиа Каир хотноо Египетийн эрх баригчидтай уулзаж, хүмүүнлэгийн завсарлага авах боломжийн талаар хэлэлцсэн байна. Эх сурвалжуудын мэдээллээр, уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй байна. Хамас бүлэглэлийн зүгээс Израилд Газын зурвас руу хийж буй дайралтаа зогсоох, цэргээ гаргах болзлыг тавьж байна. Үүнээс гадна Израилд хоригдож буй Палестины хоригдлуудыг бүгдийг нь суллахыг шаардаж байгаа юм.

Хэдийгээр Египетийн хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байгаа ч Египетийн тал нөхцөл байдлыг өөдрөгөөр харж байна. Катарт амьдардаг Ханиа зөвхөн дэвшил гарах магадлал өндөр тохиолдолд аливаа дипломат үйл ажиллагаанд оролцдог байна. Хамгийн сүүлд тэрбээр арваннэгдүгээр сарын эхээр Египетэд ирснээс хойш Газын зурваст нэг долоо хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрч байсан билээ. Хэдийгээр Газын зурваст галыг бүрэн зогсооход хол байгаа ч Ханиагийн Египетэд хийсэн айлчлал Израил, Хамасын хооронд байлдааны ажиллагааг түр зогсоох боломж буй илтгэж байна гэж шинжээчид харж байна. Харин Хамас бүлэглэл зөвхөн галыг бүрэн зогсоосны дараа олзлогсдыг суллана хэмээн мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top