“АНУ болон Их Британийн зүгээс саяхан Йемений эсрэг цэргийн түрэмгийлэл үйлдэж, хууль бусаар хүч хэрэглэсэн явдлыг Исламын Бүгд найрамдах Иран улс эрс буруушааж байна. Иймэрхүү үйлдэл нь Йемений бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг балмадаар зөрчиж, олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрэм болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудад харшилж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна” гэж НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Амир Саид Ираванийн Аюулгүйн Зөвлөлийн дарга болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлсэн захидалд онцолсон байна.
Ираны эсрэг дайсагнасан аливаа үйлдэл нь ноцтой үр дагаварт хүргэх бөгөөд түүний төлөө хариуцлагыг АНУ хүлээх болно гэдгийг Иран улсын эрх баригчид анхааруулжээ. Йемений "Ансар Аллах" хөдөлгөөний хуситуудын үйлдсэн бүх халдлагын төлөө хариуцлагыг Ираны эрх баригчид хүлээх ёстой бөгөөд ийм үйлдлүүд нь Ираны хувьд ноцтой үр дагаварт хүргэнэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт мэдэгдсэн юм.
АНУ-ын засаг захиргааны тушаалаар гуравдугаар сарын 15-нд Йемен дэх хуситуудын байгууламжуудад хүчтэй цохилт өгч эхэлсэн байна. Цэргийн энэ ажиллагаа нь Америкийн эрх ашгийг хамгаалах, усан онгоцнуудыг чөлөөтэй зорчуулахад чиглэж байгаа тухай АНУ-ын цэргийн командлал мэдэгдэв. Энэ довтолгооны хариуд хуситууд Улаан тэнгисийн хойд хэсэгт Америкийн нисэх онгоц тээгч USS Harry Truman хөлөг онгоцыг пуужин болон нисэгчгүй нисэх онгоцоор хоёр удаа довтолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )