АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Бенну солирын материйн дээжийн гэрэл зургийг үзүүлжээ. Тус дээжийг “Osiris-rex” сансрын аппарат дэлхийд авчирсан билээ.
НАСА агентлагийн захирал Билл Нелсоны мэдээлснээр, урьдчилсан шинжилгээгээр хар өнгийн дээжид ус, нүүрстөрөгч агуулагдаж буйг тогтоосон байна. “Ус болон нүүрстөрөгчийн молекулууд нь бидний олохыг хүсэж байсан зүйл юм. Эдгээр элементүүд нь манай гараг бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Эл дээж нь амьдрал үүсэхэд хүргэсэн элементүүдийн гарал үүслийг тогтооход тус болно” гэж тус агентлагийн тэргүүн онцолжээ.
“Osiris-rex” сансрын аппарат дэлхийгээс хөөргөснөөс хойш долоон жилийн дараа буюу энэ оны есдүгээр сарын 24-нд Бенну солирын дээжийг авч ирсэн. Аяллынхаа хугацаанд “Osiris-rex” нийт 6.1 тэрбум км зай туулжээ. 2016 оны есдүгээр сард тойрог замд амжилттай оруулсан тус аппарат сансрын биетэд 2018 оны арванхоёрдугаар сард хүрч,. 2020 оны аравдугаар сард Бенну солир дээр амжилттай буулт хийсэн байна. 2021 оны хавар “Osiris-rex” Бенну солирын тойрог замаас гарч, дэлхий рүү буцах аяллаа эхлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )