Том төслүүдийн ЗУРАГЛАЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

“Эрдэнэс-Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн биржид гарах бэлтгэлээ базааж, зөвлөх гурван банкаа сонгосон бол “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэл ажлаа базааж байна. Уул уурхайн яамны мэдээллээс Монгол Улсад хэрэгжиж буй том төслүүдтэй холбоотой цаг үеийн мэдээллийг багцлан хүргэе.



Засгийн газар "оюу толгой"-н асуудлаар хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсэг байгуулна
 

УИХ-аас гаргасан 92 дугаар тогтоолыг “Оюу Толгой”-н голлох хөрөнгө оруулагч Рио Тинто хүлээн авна гэдгээ зарлаад долоо ч хоноогүй байна. Харин Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард суух асуудлаар ажлын хэсэг гаргана гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ.

“УИХ-ын 92 дугаар тогтоол дээр тодорхой заасан байгаа. Ялангуяа “Дубайн гэрээ” буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах, Монгол талын өгөөжийг 53 хувиас бууруулахгүй зэрэг маш тодорхой тусгачихсан. Энэ заалтуудын хүрээнд хөрөнгө оруулагчидтай ширээний ард суух ажлыг идэвхжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг салбар яамдын эрхлэх асуудлуудын хүрээнд асуудлаа хуваан хөрөнгө оруулагчидтай ярилцах ажээ.

Рио Тинто компанийн удирдлага хоёр долоо хоногийн өмнө “Оюу Толгой”-н гэрээг сайжруулахад Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах мэдэгдэл гаргаж байв. Харин энэ сарын 11-ний өдөр албан ёсоор УИХ-ын тогтоолыг хүлээн авч хамтран ажиллахаа мэдэгдсэн. Гэхдээ Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэж үзэж буйгаа дайгаад амжсан юм.

УИХ-ын тогтоолд өмнө нь индэр дээр оноо авах яриа болоод өнгөрдөг байсан хэд, хэдэн зүйлийг эцэслэн шийдвэр­лэхийг тусгаснаараа дэвшилтэт байв. Тухайлбал, далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг заалтыг тусгасан юм. Түүнээс гадна хамгийн чухал нь Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, ТЭЗҮ-г дахин боловсруулах байсан билээ.



Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ажил гэрээний дагуу үргэлжилж байгаа
 

Энэ оны эхэнд зургаадугаар сардаа багтан олон улсын хөрөнгийн бирж дээр гарна гэж мэдэгдэж байв. Гэтэл зургаадугаар сард “Эрдэнэс-Тавантолгой”-н IPO гаргах хугацаа хойшилсон тухай мэдээлэл гарсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хэлж байгаагаар анх удаагаа IPO гаргаж байгаа болохоор судлах зүйл их байгаа гэж тайлбарласан юм.

“Анхны юм гэдэг тэр болгон санаснаар яваад байдаггүй юм байна. Бид бэлтгэл ажлаа нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. Санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгочихсон. Бүгд гэрээгээ байгуулаад үйл ажиллагаандаа орчихсон, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар ярьсан юм.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажилд Америкийн “Credit Suisse”, “Merrill Lynch”, Японы “Nomura” банкийг онцлох гурван банкаараа сонгоод байна. Одоогоор эцсийн байдлаар хэзээ олон улсын хөрөнгийн бирж дээр гарах нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэс-Тавантолгой” Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч гурван тэрбум ам.долларын IPO босгохоор тохиролцсон юм. Хэдийгээр Монголын Хөрөнгийн биржтэй Лондоны хөрөнгийн бирж хамтын ажиллагааны гэрээтэй байсан ч эцсийн дүндээ Хонконгийг сонгосон байна. Эцсийн байдлаар IPO гарсны дараа Нью-Йорк юм уу, Лондоны хөрөнгийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гарахаар төлөвлөж буй аж. Сүүлийн хоёр жил олон улсын зах зээлд гарах асуудал хөндөгдөж байсан ч улстөржсөн амлалт, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналт зэргээс шалтгаалан хувьцаагаа арилжаалж чадаагүй юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ком­пани Зүүн цанхиа түшиглэн “ETT Mining” компани байгуулж улмаар энэ компаниараа олон улсын хөрөнгийн биржээс IPO босгоно гэдгийг дурдах нь зүйтэй. Мэдээж олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарахад шийдэх олон асуудал байгаа учраас анхны гурван тэрбумын тооцоолол 1.5-2 тэрбум болж буураад байгаа юм.

Компанийн зүгээс дотоодын зах зээл дээр арилжаалахгүйгээр олон улсын зах зээлд гаргая гэж тооцсон. Энэ нь үнийн бенчмарк тогтоох нэгэн санаа байсан юм. Гэхдээ хувьцаа аль болох хурдан эргэлтэд орох ёстой.



Ноогдол ашиг хэзээ тараах нь тактикийн асуудал
 


“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ноогдол ашиг тараах, эс тараах тухай асуудал энэ оны турш боссон сэдэв. Компанийн удирдлагууд ирээдүйд үнэ цэн нь өсөх бүтээн байгуулалтад зарцуулах ёстой гэж үздэг ч зарим талаар ноогдол ашгаа хурдан тараах ёстой гэж үзэх нэг хэсэг хүмүүс бий. Харин салбар яамны зүгээс Тавантолгойн ноогдол ашиг тараах нь тактикийн асуудал гэж мэдэгдлээ.

“Ногдол ашиг хуваарилах эсэхийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ дээр шийдчихсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэж­лийн байгууллага, компани өөрсдөө шийдээд явж байгаа. Ногдол ашиг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тактикийн асуудал” гэж Д.Сумъяабазар хэллээ.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ноогдол ашиг тараахын оронд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулах тухай шийд гаргасан юм.

“Компанийн ТУЗ-өөс дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу 2018 онд баталсан 2019 оны төлөвлөгөө буюу хөрөнгө оруулалтын төсөвт тодотгол хийсэн юм. Компани 2018 онд 480 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн байсан ч ТУЗ-өөс 397 тэрбум төгрөгийг хассан. Өөрөөр хэлбэл энэ жил бид 83 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулна. Андеррайт болон бусад хасаж болох бүхий л зардлуудаа танаад 600 гаруй тэрбум төгрөгийг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах зорилгоор танасан. УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу таван чиглэлээр төслүүдээ санхүүжүүлэхээр болсон” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Зиндаа” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцлон дурдаж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pano(103.212.118.44) 2019 оны 12 сарын 19

OT-n gereeg tsahilgaan stantgui saijruulna gedeg bj bolomgui Sumiya Gencogiin zaavraar buh ajliig yavuulna.zasgiin ajlaa Gencod ugchihsun modon selemchnii hereg gej er ni bnu

2  |  0
Top