Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр /2023.03.13/ 13:00 цагт албан ёсоор эхэллээ.
Нээлтийн үеэр Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байгаа"-г онцлоод, "Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ" гэлээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон ноён Ерөнхий сайд Таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье. Хатагтай, ноёд оо, Хоёр жилийн өмнө Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би Оюу Толгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа.
Манай Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биенээ түших итгэлцэл юм.
Эрхэм Ерөнхий сайд аа, жил гаруйхан хугацааны өмнө Тантай уулзсанаас хойш Рио Тинто групп итгэлцэл бий болгохын тулд шаргуу ажиллалаа. Өнөөдөр тэмдэглэж буй чухал мөчийн өмнө ирэхэд бидэнд энэ итгэлцэл туйлын чухал байлаа. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо. Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй, замд хөндөлсөх сорилтыг хөнгөнөөр төсөөлөмгүй. Гэхдээ энэ цаг мөчид нэгэн зүгт харж, дөрөө харшуулан урагшилж байгаа нь цугласан бидэнд урам зориг өгч байна. Ийнхүү урагшлахдаа өнгөрсөн хугацаанд хүрсэн хамтын амжилт, бүтээлээ мартаж боломгүй.
Оюу Толгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг билээ. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй – энэ бол бидний хамгийн бахархууштай амжилт юм. Оюу Толгойн ажилчид шат бүхэндээ өндөр технологи ашиглан, бүтээмжээрээ түүчээлж дэлхийн хамгийн орчин үеийн уурхайг байгуулахдаа хүн төрөлхтөнд нэн хэрэгцээтэй материалыг дэвшилтэт аргаар үйлдвэрлэхийг үргэлж зорьдог. Өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн баг, хамт олондоо би тусгайлан талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн зургаан жилийн турш олон мянган монгол залуус, орон орны мэргэжилтнүүд энэхүү гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажилласан билээ.
Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбэн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бүрийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа. 10 гаруй жилийн турш Оюу Толгойг дэмжиж ажилласаар байгаа Монголын олон зуун ханган нийлүүлэгч Та бүхэнд мөн талархал илэрхийлье.
Түүнчлэн төслийн маань нэг чухал хэсэг болж, бидэнтэй ажиллаж, биднийг халуун дулаанаар хүлээн авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэд Та бүхэндээ мөн баярлалаа. Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Австралийн юмуу Канадийнх юмуу? Та нар ингэж Монголын минь Баялгыг Хятад руу зөөж байж Австралийн засгийн гхзар Монголчуудыг дэмжиж Өмнөговийг Монголийн Австрали болгож Монгол залуучуудыг минь Авсралид тэтгэлгээр суралцуулж туслах ёстой биздээ.Оюун эрдэнэ сайд минь үүнийг заавал дамжуулж хэлээрэй эээ та