Брюссельд төвтэй “EUreporter” цахим хуудас Жеффри Эпштейний ил болсон захидал харилцаанд үндэслэн нэгэн нийтлэл бичсэн байна. Уг нийтлэлд Жеффри Эпштейн Монгол Улсыг хэрхэн үздэг байсан тухай, Рио Тинто компани Монгол Улсад нэвтрэхэд хэрхэн тусалсан тухай асуудлыг хөнджээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улс сүүлийн жилүүдэд дэгдсэн хамгийн том дуулианы төвд орлоо. Бэлгийн мөлжигч Жеффри Эпштейний ил болсон захидал харилцаанаас харахад Рио Тинто компанитай хэрхэн харилцах талаар тус улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид олон жилийн турш шууд зааварчилгаа өгч байсан нь тодорхой болжээ.
Энэ бүхэн барууны эрэн сурвалжлах портал “DropSiteNews” цахим хуудас дахь нийтлэлээс эхэлсэн юм. Тус цахим хуудас Израилын Ерөнхий сайд асан Эхуд Барак болон Эпштейн нарын захидал харилцааг нийтэлсэн байлаа. АНУ-ын Хууль зүйн яамны баримт бичигт дурдсанаар “Монгол” гэдэг үг хэдэн зуун удаа дурдагддаг. Эпштейн Монгол Улсыг “юуг ч нэг дор турших боломжтой улс” гэж тодорхойлоод, авлигын схем хэрэгжихэд тохиромжтой “саарал бүс” ч гэж үзэж байв. Улмаар Монголын элитүүдийг хамарсан олон улсын шинжтэй схем бүрэлдэн бий болжээ. Энэ тухай “DropSiteNews” цахим хуудаснаас гадна дэлхийд алдартай Financial Times, Bloomberg, The Guardian зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2025-2026 оны Хандалагийн баримтуудыг үндэслэн нийтэлсэн юм. Энэ бүх дуулиан явж, явж Оюу Толгой стратегийн орд болон түүнийг хэрэгжүүлэгч Рио Тинтог тойрон эргэлдэж байлаа.
Яагаад заавал Монгол гэж? Тус улс Орос, Хятадын дунд шахагдсан, ашигт малтмалын арвин нөөцтэй, хяналтын механизм сул орны нэг. Эпштейний баримтуудаас харвал ийм орныг “ашигтай”, “бага эрсдэлтэй” гэж онцолсон байдаг. Түүгээр ч үл барам Эпштейн Монгол Улсад “Чингис хаан” нэртэй койн гаргахаар төлөвлөж байлаа. Даанч үр дүнд хүрээгүй.
Монгол Улс 2013 онд дэлхийн хамгийн том уурхайн нэг болох 1800 тонн алт, зэсийн нөөцтэй Оюутолгойн гэрээг шинэчлэхийг шаардсан томоохон эсэргүүцэлтэй тулсан юм. Уг ордын 2009 оны гэрээг шинэчлэхийг, гэрээг хянадаг болохыг, Монголын талд ашигтай байлгахыг нийтээрээ шахаж, шаардаж байлаа. Энэ хооронд улсынх нь өр нэмэгдэж, төсөв нь бутарч, бүрэн эрх нь ч суларсаар байв. Яг энэ үетэй зэрэгцэн Жеффри Эпштейн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёны зөвлөхийн статустай болсон юм. Эпштейний ард дэлхийн томоохон корпорацуудын ашиг сонирхлыг хангадаг бүлэг хүмүүс зогсож байв. Тухайн үед Эпштейн Давосын форум дээр тодорхой зорилт дэвшүүлсэн. Тэр нь шаардлагатай бүх аргаар “Рио Тинтог Монголтой харилцаагаа сайжруулах” зорилт байв. Эпштейн тухайн цаг үед олон улсын аудит, шүүх, баримтыг ил болгоно зэргээр Монголыг дарамталж байлаа.
Эпштейний ил болсон баримтуудаас харвал 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржтой холбогддог юм. Тэрээр шинэчлэгч, авлигатай тэмцэгчийн дүр төрх бүтээхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зөвлөлдөх зөвлөл байгуулах санаачилга ч гаргаж байв. Уг зөвлөлдөө Жеффри Эпштейнийг ч урьсан юм. Жеффри Эпштейн уг зөвлөлд 2013-2016 онд албан ёсоор багтаж байжээ. Түүгээр ч үл барам Давост үйл ажиллагаа явуулдаг Олон улсын энхийн хүрээлэнг толгойлдог Терье Рөд-Ларсен, Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд, АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс нар ч энэ зөвлөлд багтаж байлаа. Эпштейн эдгээр хүмүүсийг “санхүүч” гэж тодорхойлсон юм. Түүнчлэн хараат бус гаднын зөвлөхөөр Британийн лорд, Их Британиас АНУ-д суух Элчин сайд асан Петер Манделсон ч ажиллаж байв.
Ц.Элбэгдорж Эпштейнийг зүгээр ч нэг зөвлөхөөр томилсонгүй. Тогтмол харилцаж, өргөмөл хүүхдүүдийнхээ хамтаар хувийн арал дээрх нууц хүлээн авалтад оролцож байлаа.
Ц.Элбэгдорж Эпштейнийг зүгээр ч нэг зөвлөхөөр томилсонгүй. Тогтмол харилцаж, өргөмөл хүүхдүүдийнхээ хамтаар хувийн арал дээрх нууц хүлээн авалтад оролцож байлаа. Ил болсон баримт, зураг сэлтээс харахад Ц.Элбэгдорж Эпштейний бүрэн нөлөөнд байсан нь тодорхой харагддаг. Эпштейний Нью-Йорк дахь харшид оройн хоол идсэний дараа Ц.Элбэгдорж түүнд хандаж “гүн гүнзгий хэлэлцээ” өрнүүлж байгаад хувийн талархал илэрхийлсэн захидал илгээсэн юм. Хэрэв үнэхээр Эпштейн Монголын элитүүдэд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг хүлээж байсан юм бол яагаад заавал бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг, бэлгийн мөлжигчийн үгийг дуулгавартай дагаж байсан юм бэ?
Ц.Элбэгдорж эхэндээ олон нийтийн санаа бодлыг үл тоомсорлож чадаагүй. Монголчууд гаднын компаниар газрын хэвлийн баялгаа ухуулах, удирдуулахад дургүйцэлтэй хандаж байв. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хувиар хэсэг хугацаанд Рио Тинтог шүүмжилж, 2009 оны гэрээний нөхцөлийг өөрчлөхийг хүртэл шаардаж байлаа. Гэвч Эпштейнийг ойрын хүрээлэлдээ багтаасны дараа Ц.Элбэгдорж корпорацын талд байр сууриа огцом эргүүлсэн юм. Чухамдаа Эпштейн Ц.Элбэгдоржоор дамжуулан тус улсын санхүүгийн урсгалыг албан бусаар хянаж байв. Энэ хооронд Ц.Элбэгдоржийн байр суурь дэлхийн элитүүд дунд өссөөр байлаа. Гэвч үнэн хэрэгтээ “Литтл Сейнт Жеймс” арлаас угсарсан схемүүд тус улсад хүнд цохилт болж, тусгаар тогтнол нь сулран, Оюутолгойтой холбоотой өр төлбөр нэмэгдэж, Монгол Улс нөлөөллийнхөө хөшүүргийг алдсаар байсан юм.
Эпштейнийн санхүүгийн схемээр дамжуулан Монгол Улс “Рио Тинто”-гоос хараат болж, эрх ашигт илт үйлчилсэн “Дубайн гэрээ”-ний шалтгаан болсон юм.
Энэ оны хоёрдугаар сард Financial Times-д нийтэлсэн нийтлэлийг харвал Эпштейний энэ үйл ажиллагааг “нигймийн пирамид” гэж нэрлэсэн байдаг. Энэ нь санхүүгийн пирамидтай төстэй бөгөөд мөнгөний оронд нөлөө бүхий хүмүүс дээр суурилдгаараа ялгаатай. Арван жилийн туршид энэ пирамид Монголд ажилласан. Тэгэхдээ Монголын эсрэг ажилласан. Эпштейнийн санхүүгийн схемээр дамжуулан Монгол Улс “Рио Тинто”-гоос хараат болж, эрх ашигт илт үйлчилсэн “Дубайн гэрээ”-ний шалтгаан болсон юм. Монголчууд улсынхаа гол хөрөнгийг хянах чадвараа алдаж, олон тэрбум долларын өр хуримтлуулж, гаднын зуучлагчдыг засаглалд оруулсан гэдгээ ухаарах үед бүх зүйлс оройтсон байлаа. Эпштейний тухайд Монголын эрх баригчдын албан ёсны бүтцэд өөрийгөө оруулж, Рио Тинто байгуулсан таагүй гэрээг шинэчлэхийг буруушааж, Оюу Толгойн хяналтаа алдахын зэрэгцээ 20 тэрбум орчим ам.долларын өр үлдээсэн юм.
Эпштейний боловсруулсан схем нуран унаж буй энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн хяналтыг сэргээх боломж байна.
Өнөөдөр Эпштейнийн схемийн хамсаатнуудад хуулийн хариуцлага хүлээлгэсээр байна. Норвегид Терье Рөд-Ларсен баривчлагдаж, Петер Манделсон лордын цолоо хураалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эпштейнтэй холбоотой хэлэлцээрүүдийг мөрдөн шалгаж байна. Хууль ёсны энэ зарчмаас Монгол Улс ч үл хайхарч болохгүй. Луйвар нь илэрсэн тохиолдолд тусгаар тогтносон улсууд байгалийн баялгаа эргүүлэн авдаг номтой. Монгол Улсын засаг захиргаа Рио Тинтогийн эсрэг үндэслэлтэй хэд, хэдэн нэхэмжлэл гаргасаар байна. Эпштейний боловсруулсан схем нуран унаж буй энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн хяналтыг сэргээх боломж байна. Эпштейнийн баримтууд аль хэдийнээ нийтэд ил болсон. Сонгуулийн мөчлөгт Ц.Элбэгдоржийн холбоотнуудад том цохилт болж магадгүй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Аймшигтай.