“Рио Тинто” компани өчигдөр гаргасан мэдэгдэлдээ энэ оны сүүлээр гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм үүрэгт ажлаасаа огцорно гэдгийг дурджээ. Якоб Стаусхольм 2021 оны нэгдүгээр сард гүйцэтгэх захиралаар томилогдож, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлсэн тухай албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.
Якоб Стаусхольм дараачийн захирал томилогдох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэх юм байна. Компанийн удирдах зөвлөл нэр дэвшүүлэх хороо байгуулж, дараачийн захиралыг сонгох сонгон шалгаруулалт нарийн зохион байгуулалт дор өрнөх аж.
“Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон түүний менежментийн манлайллыг сайшаагаад “Бид бүрэн нөөц бололцоогоо ашиглан, орлого төлөвлөлтөө эрчимжүүлэх хоёр дахь үе шат эхэлж байгаа тул дараагийн удирдлагыг тодруулах цаг мөч ирж байна” гэжээ.
Яг энэ мэдээлэл гарахаас өмнө Рио Тинто компанийн хувьцаа 1% буурсан юм. Гэсэн ч ерөнхий дүнгээрээ өнгөрсөн жилийнхээс 5% өссөн дүнтэй байгаа аж.
Монгол Улсын Засгийн газар "Оюу Толгой" төслийн өгөөжийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ өрнүүлж буй энэ цаг үед манай тал хэлэлцээгээ эрчимжүүлж даруй ямар нэгэн шийдэлд хүрэхийг энэ мэдээлэл санууллаа. Хэрэв бид энэ цагийг үр бүтээлтэй ашиглаж чадвал "Оюу Толгой" төслөөс Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежменийн зардал бууруулах асуудлаар тодорхой үр дүнд хүрч чадах юм.

Сэтгэгдэл ( 0 )