Энэтхэгтэй кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо

Я.Болор | Zindaa.mn
49 минутын өмнө

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын 14 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалт 2026 оны аравдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг ярилцаж, цаашдын чиглэлийг тодорхойлж, зарим асуудлуудаар харилцан зөвшилцөлд хүрэв.

Хоёр орны цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тэр дундаа цэргийн эмнэлэгийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлан үзэх мөн Монгол Улсын Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, хамгаалалтын бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалт хоёр орны цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон, тодорхой тохиролцоонд хүрсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж хоёр тал харилцан санал нэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top