Хятадын хакеруудын тэмцээн АНУ-ыг түгшээв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10


БНХАУ-д Тяньфу цомын төлөөх олон улсын нэр хүндтэй цахим аюулгүй байдлын тэмцээн болжээ. “Security Week” сайтад мэдээлснээр, жилээс жилд хүрээгээ тэлж буй энэ тэмцээнд энэ жил нийт 15 баг оролцож, өөрсдийн кодын тусламжтай тус бүр таван минутын хугацаатай гурван оролдлогоор сонгосон байг хакердаж өрсөлджээ.

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд Хятадын кибер аюулгүй байдлын “Qihoo 360” компанийн хакерууд ялж, 750 мянга орчим ам.долларын шагналын эзэн болсон байна. Тус баг iOS 14 үйлдлийн системтэй iPhone 11 Pro, Samsung Galaxy S20 утсыг эвдэж чаджээ. “AntFinancial Lightyear Security Lab” болон “Pang” компьютерын аюулгүй байдлын системийг боловсруулагчид удаах хоёр байранд оржээ. Энэ жил залуу хакерчид iOS 14, Windows 10, Chrome, Safari, Adobe PDF Reader болон бусад аппликэйшны сул талыг илрүүлж чаджээ. Нийт 16 байгаас 11 нь амжилттай хакердсан байна.

Тэмцээний дүрэм ёсоор амжилт гаргасан эксплойт/кодыг программ хангамж нийлүүлэгчдэд шилжүүлдэг бөгөөд АНУ-д Хятадын хакеруудыг дэвшлийг болгоомжлон хүлээн авчээ. “Энэ болон ижил төрлийн тэмцээнүүд Америкийн программ хангамжийн алдаа дутагдлын хатуу гэрч болж байна. Эдгээр сургамжийг Байдены сэргээсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн кибербаг нухацтай авч үзэх ёстой” гэж “Facebook” компанийн аюулгүйн албаны ахлах ажилтан Алекс Стамос өөрийн твитерээр жиргэжээ. Тэрбээр 180 мянган ам.доллароор Хятадын мэргэжилтнүүд нэг хүрэхгүй өдрийн дотор бүрэн боловсронгуй болгосон iOS. системийг “шатааж” байхад манай Дээд шүүх аюулгүй байдлын салбар дахь ижил төрлийн судалгааг АНУ-д явуулах нь хуульд нийцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top