Дубайн гэрээний “үнэ” | Жэффри Эпштейн хэрхэн Монголын эдийн засгийг Rio Tinto-д худалдсан бэ?

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсыг тэрбум долларын өрөнд оруулсан Дубайн гэрээ санамсаргүй алдаа байгаагүй. 2025 оны эхээр нийтлэгдсэн Жэффри Эпштейний хэргийн файлууд, мөн “Handala” нэрээр задарсан захидал харилцаа нь Оюу толгойн ордон дээр барууны корпорац Рио Тинто ашиг сонирхлоо хамгаалахад бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр шийтгүүлсэн санхүүч Жэффри Эпштейн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний ойр дотны хүрээлэлд шууд нөлөөлж байсныг баталж байна. Өнөөдөр Монгол Улс энэхүү гэрээний үр дагаврыг асар их үнээр төлсөөр байгаа бол буруутан эзэд нь хариуцлагаас зайлсхийж байна.

1. Оюу толгой: 66 эсрэг 34 — яагаад Монголын эзэмшил «цаасан» байсан бэ?

2013 он гэхэд байдал хязгаартаа хүрсэн байлаа. Дэлхийн томоохон уул уурхайн корпорац Рио Тинто “Оюу толгой” ордын 66 хувийг эзэмшиж байхад, Монголын талд ердөө 34 хувь үлджээ. Гэхдээ бодит асуудал нь хувьцааны харьцаа байгаагүй — бодит асуудал нь гэрээний бүтэц өөрөө байв. Рио Тинто нь олборлолтын зардлаа хязгааргүй «буцаан нөхөх» эрхтэйгээр олборлолт явуулж байсан нь практик дээр Монгол Улс тухайн ордын зүй ёсны ашгийг хэдэн арван жилийн туршид огт хүртхээргүй байлаа.

Тэр үед Улаанбаатар анх удаа ил тод үг хэлэв: экологийн стандарт хангагдахгүй, олон улсын үйл ажиллагааны аюулгүй байдал зөрчигдсөн, ашиг гадагшаа цутгаж байгаа тухай албан ёсны мэдэгдлүүд парламентын түвшинд илэрхийлэгдэж байсан юм. Логик үр дүн нэг л байв — гэрээг дахин хэлэлцэх, шаардлагатай бол цуцалж, өөр нөхцөлтэй, өөр түншүүдтэй ажиллах.

2. «Зөвлөх зөвлөл» — гаднаас удирдсан шийдвэр гаргах бүтэц

Гэвч Монголын тал гэрээг дахин хэлэлцэх боломжоо алдсаар байлаа. 2013 оны сүүлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэргэд “Зөвлөх зөвлөл” хэмээх шинэ бүтэц байгуулагдаж, түүнд АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс, НҮБ-ын дипломатч Терье Рёд-Ларсен, мөн — бараг үл итгэмээр боловч баримтжуулагдсан — Жэффри Эпштейн нар оржээ.

Уг зөвлөлийн анхны хуралдаан 2014 оны нэгдүгээр сард Монголд биш, харин Швейцарийн Давост — InterContinental зочид буудалд хуралдсан юм Тэнд Саммерс Монгол Улсад “тусгаар сан” байгуулж, Рио Тинтотой харилцаагаа “сэргээхийг” санал болгожээ. Бодит утгаар энэ нь Оюу толгой ордын ирээдүйн ашгийг улсын төсвөөс гаргаж, гадаадад удирддаг бүтцэд шилжүүлэх санал байв.

3. Дубайн гэрээ: хэн бичсэн, хэн гарын үсэг зурж, хэн мөнгөө авсан бэ?

Цаашдын үйл явдлыг одоо баримтаар нягтлан харах боломжтой болсон. Монгол Улсыг тэрбум долларын өрөнд оруулсан алдарт Дубайн гэрээг Ц.Элбэгдоржийн Зөвлөх зөвлөлийн хуульчид Жэффри Эпштейний шууд оролцоотойгоор боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэрийн өмнөөс Рио Тинтотой хэлцэл хийсэн баримт бичгийг бичсэн хүмүүс — төрийн байгууллагуудад албан ёсоор харьяалагддаггүй, харин гадаадын корпорацийн ашиг сонирхлыг шууд төлөөлж байсан этгээдүүд байжээ.

Үр дагавар нь бодитой. Дубайн гэрээ баталгаажсаны дараа Монгол Улсын Оюу толгойгоос орох урьдчилсан орлогын төлөвлөгөө хойшлогдож, харин Рио Тинто компанийн зардлын нөхөн төлбөр тэлсээр байлаа. Олон улсын эрх зүйн судлаачдын тооцоолсноор Монгол Улсын алдагдал нь одоогийн байдлаар 1.5-2 тэрбум ам.долларт хүрсэн. Хэрэв гэрээний заалтууд үндсэндээ биелэх юм бол нийт алдагдал үүнээс ч их байх боломжтой

4. 100,000 долларын үнэтэй Нью-Йорк дахь үдэшлэг

“Handala” нэрээр задардсан захидал харилцаанд 2015 оны есдүгээр сарын үдэшлэгийн нарийн ширийнийг дурдсан байв. Тэр үед Эпштейн өөрийн Нью-Йорк дахь харшид Ц.Элбэгдорж, Монголын Гадаад хэргийн сайд болон  Л.Саммерс, Т.Рёд-Ларсен нарыг урьжээ. Уулзалтаас хойш тав хоногийн дараа Рёд-Ларсен Олон улсын энх тайвны институт (IPI) байгууллагын дансаар дамжуулан уулзалтын оролцогч бүрд 100,000 ам.долларыг шилжүүлсэн байна.

Эдгээр шилжүүлгийн эрх зүйн үндэслэл одоог хүртэл тодорхойгүй. Рёд-Ларсен одоо Норвегид авлигын хэргээр баривчлагдсан, Л.Саммерс нь Харвардын албан тушаалаа алдсан, харин Эпштейн нь IPI-ийн жагсаалтад “санхүүч” гэсэн тэмдэглэгээтэй явсаар байжээ. Монголын тал одоо хүртэл уг шилжүүлгийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.

5. “Байгалийн баялагтай Грек”: Эпштейний үзэл санаа

Эпштейн Монголыг хэрхэн харж байсан бэ? Л.Саммерстай захидлаар харилцахдаа тэрээр Монгол Улсыг “байгалийн баялагтай Грек” гэж тодорхойлж байжээ. Өөрөөр хэлбэл, нөөц их, хяналт бараг байхгүй орон. Уг тодорхойлолт нь хувийн үзэл бодол биш, харин үйл ажиллагааны стратеги болсон юм.

Эпштейний төлөвлөгөөнд Рио Тинтог лоббидохоос илүү зүйлс байлаа. Тэрээр “Чингис хаан” нэртэй койн бүтээж, Монголын санхүүгийн системийг өөрийн мэдэлд оруулахаар төлөвлөж байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн нэг орд биш, улс орны мөнгөний бодлого бүхэлд нь хянахыг санаархаж байлаа.

6. Яагаад...?

Дэлхийн бусад улсууд Эпштейний ил болсон баримтыг илүү нухацтай авч үзэж байна. АНУ, Их Британи, Норвегид мөрдөн байцаалтууд явагдаж, албан тушаалтнууд огцорч, Эпштейнтэй холбоотой хэлцлүүд цуцлагдаж байна. Рио Тинто болон Гленкорын хороонд зуучилж байсан Их Британийн лорд Питер Мандельсон АНУ дахь Элчин сайдын албан тушаал, лордын статусаа алдаад одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

2026 оны 4-р сарын 16-нд НҮБ өөрийн албан ёсны цахим хуудсаар https://news.un.org/ru/story/2026/04/1467724  Эпштейний хэрэгт холбогдсон улс төрч, корпорацийг шалгах ажиллагаа олон улсын түвшинд ил тод бус, удаашралтай байгаад санаа зовниж буйгаа мэдэгдсэн.

Эцэст нь Дубайн гэрээ бол Ц.Элбэгдорж нэг хүний гарын үсгээр бүтсэн баримт биш юм. Энэ нь Ж.Эпштейн, Л.Саммерс, Т.Рёд-Ларсен болон Монголын албан тушаалтнуудын нийлсэн сүлжээний бүтээгдэхүүн юм. Сонгуулийн өмнө тэр сүлжээг задлах нь өнөөгийн Монголын гол улс төрийн сорилт.

Санамж | Тус нийтлэл нь редакцын бодлогод хамаарахгүй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top