Дуучин PSY яллагдагчаар ТАТАГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Гиннессийн хэд хэдэн дээд амжилт тогтоосон дуучин PSY гуравдагч этгээдээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хүлээн авсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй бөгөөд түүний хэргийг энэ сарын 1-ний өдөр Сөүл хотын Баруун дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна. 

MBC-ийн мэдээлснээр их сургуулийн эмнэлгийн профессор, PSY болон түүний менежер зэрэг дөрвөн хүнийг Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа аж. Тус улсын Эрүүл мэндийн тухай хуульд донтуулах, хамаарал үүсгэх эрсдэлтэй сэтгэцэд нөлөөт эмийг заавал эмчтэй биечлэн уулзаж, жороор авах ёстой байдаг. Гэсэн ч PSY нь 2022 оноос хойш сэтгэцэд нөлөөт эмийг менежер болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан авсан хэрэгт буруутгагдаад байна. 

Тэрээр нойргүйдэл, сэтгэл түгшилт, депрессийн үед уудаг Xanaх, Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөт эмүүдийг хэрэглэдэг байсан ба түүний харьяа P Nation агентлагийн зүгээс "Нойрсуулах эмийг өөр хүнээр дамжуулж авхуулсан нь бидний хайхрамжгүй байдал, томоохон алдаа байлаа. Бид уг эмийг бусдын нэрийг ашиглан аваагүй. PSY нойрны архаг өөрчлөлттэй тул эмчийн заавраар дээрх эмүүдийг хэрэглэдэг байсан бөгөөд зөвхөн цар тахлын үеэр зайнаас тусламж үзүүлэх горимыг цах тахал дууссаны дараа ч үргэлжүүлсэн нь алдаа боллоо" хэмээх тайлбар өгчээ. 

Цагдаагийн байгууллагаас P Nation агентлагийн оффис болон PSY-ийн гар утсанд нэгжлэг хийж, хэргийг прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт нийт 5-6 хүнийг хамааруулан шалгаж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top