
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Хуралдаан О.Амгаланбаатар нарын УИХ-ын 41 гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжлэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл шаардлагаа танилцуулаад, төсөлд тусгасан зохицуулалтын талаар мэдээлсэн. Тухайлбал, Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлд эрийн гурван наадам зохион байгуулахаар тусгаж, эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ хэмээн заажээ. Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно гэсэн зохицуулалтыг нэмэхээр тусгажээ.
Мөн Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгох, гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгох, 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цолыг тухайн улсад суугаа Элчин сайд олгохоор тусгасан байна.
Хурдан морь унадаг уралдаанч хүүхдэд улс, аймаг, сумын оны шилдэг уралдаанч цол олгохоос гадна Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь түрүүлж айрагдсан уяачдад олгох цолны талаар заажээ. Түүнчлэн допингийн шинжилгээний хариу гартал батламж олгож, хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу болон батламжийг үндэслэн тухайн бөх, харваачдад улсын цолыг олгох зохицуулалтыг тусгасан талаар танилцуулав.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ч.Лодойсамбуу, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүд аймаг, сумдын гурван насны айраг, түрүү морьдыг уясан уяачдад олгох цолтой холбоотой зохицуулалтыг илүү тодорхой болгох, гадаад улсад суугаа Элчин сайдууд бөхийн цол олгох нь зүйтэй эсэх, ганцаарчилсан төрөлд эрийн гурван наадам хийх боломжийн талаар хөндсөн асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.
Хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх, улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр, Л.Гантөмөр нар асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, хууль батлагдсанаар хэдэн бөхийн цол нэмэгдэхийг тодруулж байлаа. Хуулийн төсөл санаачлагч П.Сайнзоригийн мэдээлснээр, Монголын Үндэсний бөхийн холбоонд 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын цолны талаар нэр бүхий бөхчүүд, тэдгээрийн ар гэрээс 17 санал, хүсэлт ирээд буй аж.
Түүнчлэн гишүүд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн тухай бүр шийдвэрлэдэг байх зохицуулалт Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй харшлах эсэх, бөхчүүдийг допингоос ангид байх асуудлыг төр анхаарах, баяр наадмын өмнө допингийн шинжилгээ авч байх, допингийн асуудалгүй барилдуулах, 512, 1024 бөх барилдах зэргээр тоо хөөцөлдөлгүй, шагнал, урамшууллыг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийж байлаа.
Хэлэлцүүлгийн эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Сэтгэгдэл ( 0 )