“Туркойз Хилл”, “Рио Тинто”-ийн хоорондын арбитрын ажиллагаа эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Рио Тинто компанийн хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс компани “Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт бүрдүүлэх дээр санал зөрөлдөж улмаар “Туркойз Хилл Ресурс” арбитрт хандсан бөгөөд арбитрын ажиллагаа эхэлжээ.

Энэхүү арбитрын ажиллагаа Канад улсын Британийн Колумб мужид эхэлсэн байна. Арбитрын ажиллагаа ойролцоогоор 3-5 сарын дараа эцэслэх юм. Арбитрын ажиллагаа явж байх хугацаанд “Туркойз Хилл Ресурс” компани санхүүжилт хэрхэн бүрдүүлэх талаар боломжит хувилбаруудыг хайхаар болжээ.

Хоёр тал өнгөрсөн есдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байлаа.

Санамж бичигт дурдсанаар өрийн хугацааг сунгах, одоо байгаа нөхцөлөөр олон улсын банк санхүүгийн байгууллагаас 500 сая ам.долларын зээл нэмж авах, бусад хөрөнгийг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэх зэргийг тусгасан байжээ.

“Туркойз Хилл Ресурс” компаний хувьцаа эзэмшигчдийн шахалтаар хөрөнгө оруулалт татах ачаа нь илүү өндөр байгааг харгалзан улмаар маргаанаа шийдвэрлэхээр арбитрт хандсан юм.


Эх сурвалж: Mining

Top