Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 65 хувьд хүрч, төслийн хүрээнд баригдаж буй урт гүүрийн 760 дам нурууг бүрэн угсарч дуусжээ.
Одоогийн байдлаар төмөр замын дээд бүтцийн угсралтын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Гүүрийн дам нуруу угсрах ажил дууссантай холбогдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, “Чайна Энержи” группийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Бао Фан, CRBG компанийн ерөнхий захирал Ли Гөнсью тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцжээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол, Хятадын төмөр замын хамтын ажиллагааны түүхэнд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болохыг онцолсон байна.
Тэрбээр 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ээс эхлэлтэй хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буй энэхүү төсөл нь 70 жилийн дараа хэрэгжиж буй төмөр замын хоёр дахь хил холболт гэдгээрээ онцлогтойг тэмдэглэжээ.
Мөн хоёр улсын Засгийн газар хооронд 21 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээ, хамтын ажиллагааны үр дүнд уг төслийг бодит ажил хэрэг болгосон бөгөөд цаашид төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хил дамнасан тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь нийт 19.5 километр урттай бөгөөд үүнээс 10.8 километр нь нарийн, 8.7 километр нь өргөн царигийн төмөр зам байх юм. Төслийн нийт дэлгэмэл урт 32.6 километр бөгөөд 8-31 метрийн өндөртэй дан болон хос замын гүүрэн байгууламжуудыг барьж байна.
Одоогоор төслийн талбайд 866 инженер, техникийн ажилтан, 311 машин механизм ажиллаж байгаа бөгөөд 2027 оны дөрөвдүгээр сард төмөр замыг ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөжээ.
Төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн өртөг бууран, Монгол Улсын экспортын өрсөлдөх чадвар сайжрах боломж бүрдэх юм.
Түүнчлэн 200 байнгын, 800 түр ажлын байр бий болж, боомт, логистик, дагалдах үйлчилгээ болон дэд бүтцийн хөгжил эрчимжсэнээр Өмнөговь аймаг, хил орчмын бүс нутгийн эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ач холбогдолтой юм.






Сэтгэгдэл ( 0 )