Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

О.Должин | Zindaa.mn
49 минутын өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240.3 километр авто замыг өнөөдөр ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжсэн уг төсөл нь нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, жолооч, тээвэрчдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Авто замын нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, холбогдох яам, байгууллагын удирдлагууд болон Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын Засаг дарга нар оролцов.
Энэ үеэр Гашуунсухайт хилийн боомтоор импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалыг нэвтрүүлэх, тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, бодлогын түвшинд анхаарч ажиллахаа албаныхан хэллээ.
Ийнхүү Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үе шаттайгаар урагшилж, экспортын тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах, тээвэрчдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодит ахиц гарч байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top